Илүү ихийг манай сайтаас

Засгийн газар маань дампуурах гээд байна

Нийгмийн толь

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын толгойлсон Засгийн газар олон хүний зэвүү, дургүйг хоёрыг зэрэг зэрэг хүргэн байж байгуулагдсан.
Дургүйг хүргэсэн гэхээсээ илүүтэйгээр Монголчуудын сонгуульд өгсөн саналыг луйвардсандаа бантсан улс төрийн хүчнүүдийн булагнал байсан гэхэд хилсдэхгүй. Уг нь өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдөр болсон үймээний буруутныг тогтоож, сонгууль будлиулсан гэмтнийг олно гэж байсансан. Харин өдгөө долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон гэдгээр ядарсан ардын зүдэрсэн хүүхдүүдэд л ял сонсоод өнгөрөх шив. Гэтэл ашгүй Өршөөл үзүүлэх тухай хууль гэдэг буянтай юм гарч ял сонссон хүний овоо хэдийг нь “аавын хаалга”-аас мулт татаж гаргасан. Тэгэхээр ёстой л албан тушаалын хэнээтнүүдийн цугларал болох тус Засгийн газрын ирээдүй зул жаргахын өмнө бадамладаг шиг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх буянаар нэлээн хэдэн cap хөл дээрээ дэнжигнэх шив.
Харин одоо гэрээ нэгэнт батлагдах шат руугаа орж, 24 дүгээр тойрогт явагдах нөхөн сонгууль хаяанд тулсан учир Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас авахуулаад С.Баярын Засгийн газрыг намнах төлөвлөгөөний сураг шаргал ордноор ээлж дараалан хөврөх боллоо. Үүнийг ч МАХН-ын дарга аль хэзээний гадарласан бололтой сэтгүүлчидтэй өнгөрөгч зун уулзахдаа “Санаа байвч, сачий нь хүрэхгүй биз” хэмээн дуугарч дээ, янз нь.

Гэхдээ л Засгийн газарт “сум тавих”-аар зэхэж буй хэд хэдэн намнаач байна шүү. Засгийн газрыг намнах төлөвлөгөө нэг МАХН-ын шинэ, хуучин удирдлагууд нүүрэн дээрээ барилцаад авахгүй ч ханцуйн дотроо нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахад бэлэн байгаа аж.
Одоогоос 10-аад жилийн өмнө буюу 1997 оны намар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр УИХ-ын нөхөн сонгуулиар парламентад шургалж аажмаар улс төрийн ууган хүчний толгой, Засгийн газрын тэргүүний суудал өөд мацсан шигээ одоо ч шаргал ордны улаан суудалд тухлахаар төлөвлөгөө боловсруулан намын экс жигүүрийн хэдэн нөхөртэй ганзага нийлээд авсан сурагтай. Өөрөөр хэлбэл, МАХН-ын уруудаж буйн шалтгааныг намын дарга С.Баяр руу чихэгчид Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг намын толгойд дахин гаргахыг мөрөөдөх болсон аж. Харин энэ мөрөөдөлд хүрэх цорын ганц зам нь нөхөн сонгууль юм байх. Хэрвээ Н.Энхбаяр нөхөн сонгуульд ялж, парламентад орж чадвал эхний ээлжинд Засгийн газрыг огцруулах болзолтой өөрийн багаа бүрдүүлж байгаа дуулдана. Энэ нь ч үнэний ортой дэг шүү. Учир нь намын дарга С.Баяр экс Ерөнхийлөгчийн хөлийг хорихын тулд элдэв янзын хорон санаа, төлөвлөгөө боловсруулаад эхэлжээ. Тухайлбал, Монгол Улсын хоёрдогч Ерөнхийлөгч Н.Багабандиас намын даргын хувьд нөхөн сонгуульд нэр дэвших эрх олгон нэг үгээр хэлбэл, эксийг нам тавиад өгөөч гэсэн юм байх. Хэрвээ намын даргын хүсэл биеллээ олж Н.Багабанди энэ удаагийн нөхөн сонгуульд өрсөлдвөл ялах нь маргаангүй үнэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн битүүхэн шивнэж эхлээд байгаа билээ. Гэхдээ энд нэг зүйлийг дуулгахад, Ерөнхийлөгч асан Н.Багабанди намын даргын саналыг “Бодож үзье” гэсэн гэнэ шүү.

Тэгэхээр энэ удаагийн МАХН-ын нөхөн сонгуулийн гол тоглолт намын лидерүүдийн дунд өрнөх нь тодорхой болох шив. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай байдаг. Хэрвээ Н.Багабанди сонгуульд өрсөлдөхгүй зүгээр л “Титэм үг”-ээ тэрлэж сууна гэж шийдвэл экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гол өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч хотын даргын дөрвөн орлогчийн нэг, Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын дарга Да.Ганболд байх нь маргаангүй үнэн. Учир нь тус намаас нэр дэвшүүлэхээр яригдаж буй дөрвөн хүнээс хамгийн карьер өндөртэй нь. Тэгээд ч нийгэмд нэр нь сэвтээгүй, Ерөнхий сайд асан С.Бямбасүрэнгийн толгойлсон Засгийн газрын Тэргүүн Шадар сайдын албыг хашиж байсан туршлагатай улстөрч. Түүгээр ч зогсохгүй ардчиллын анхны партизануудын нэг гээд олон түмэн түүнийг сайн мэднэ. Тэгэхээр Засгийн газрыг намнах экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын төлөвлөгөө биелэлээ олох нь юу л бол. Засгийн газрыг намнах төлөвлөгөө хоёр Монгол Улсын Засгийн газраас “Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах” ажлыг хэрэгжүүлэхээр 200 хүртэл тэрбум төгрөгийг шийдвэрлэх тухай яриа гарсаар нэлээд хугацаа өнгөрсөн ч тогтсон шийдэлд хүрээгүй учир багагүй маргаан үүсээд байгаа билээ. Гэхдээ энэ хүрээний ажлыг учир мэдэх зарим нэг нь Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнээд ирэхээрээ иймэрхүү юмаар амь зогоож байгаа гэх. Тэгэхээр тэдний үзэж буйгаар Засгийн газар улсын төсвөөс 200 тэрбум төгрөг салгахын тулд 4000 айлын орон сууц гэх асуудлыг босгосон болж таарах нь ээ.

Нөгөөтэйгүүр, хотын гаднах фракц буюу УИХ-ын гишүүн О.Чулуунбат тэргүүтэй хэсэг нөхөр уг ажлыг гүйцэлдүүлэх эрх авахын тулд Засгийн газрыг шантаачилж эхэлжээ. Уг нь өнөөг хүртэл Засгийн газрын тайван оршин тогтнох үндэс нь МАХН-ын хот доторх бүлэглэл байсан гэдгийг хэн хүнгүй мэдэх шүү дээ. Гэвч хот доторх бүлэглэл 4000 айлын орон сууцнаас үүдэн хоёр хэсэгт хуваагдсан бололтой. Тэдний зарим нэг нь “Орон сууцны санхүүжилтийн корпараци”-ийн боссыг дагаж, нөлөө бүхий хэсэг нь С.Баяр даргынхаа “халаас”-нд суурьшиж буй. Эцэст нь хэлэхэд, С.Баяр дарга энэ бүх ноцтой гэмээр байдлаас шалтгаалан Австралийн айлчиллаа хүртэл хойшлуулан “өвдөж”, энэ бүгдээс хэрхэн гарах төлөвлөгөө боловсруулан хаа нэгэн газар яваа сурагтай. Засгийн газрын бодит үнэн Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаагүй байсан бол С.Баярын кабинетын хувь тавилан арай гэгээлэг байх байсан юм болов уу. Гэвч өдрөөс өдөрт унаж буй зэсийн ханш тэдний үнэн нүүр царайг ард түмэнд ил цагаан харуулах алтан боломжийг олгох шиг боллоо.

Түүгээр ч зогсохгүй төсвөө хянаж, цомхон бүтэцтэй ажиллана гээд байсан С.Баярын амлалт өдгөө сарниж зарим яам хоёр дэд сайдтай ажиллаж байгааг хоёр намын хамтралын үр шим гэхээс өөрөөр яаж тайлбарлах вэ. Хуучин Засгийн газрын дэргэдэх хэрэгжүүлэгч, тохируулагч гэгдэх 65 агентлагийг цөөллөө. Тохируулагч агентлаг 11, хэрэгжүүлэгчийг 31 болголоо гэхэд нь овоо доо, 23-ыг нь татан буулгаж байгаа юм байна гэж бодсонсон. Гэвч бодит байдал дээр нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэдэлд байсан Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрыг хэвээр нь үлдээсэн атлаа дотор нь Ашигт малтмалын, Газрын тосны гэхчлэн хоёр хуваасан байна лээ. Мөн БОАЖЯ-ыг харьяа хоёр агентлагтай болгож, Үндэсний хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газар, Улсын бүртгэлийн газар, Соёл урлагийн газар, Гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн газрыг байгуулжээ. Мөн агентлагуудыг цөөлж багасгана гээд байснаа тэд өдгөө ор тас мартаж, тэдгээрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгоно гэснийг нь бодохоор хамтарсан Засгийн газар Монголчуудыг хачин сайхан хулхидахаар шийджээ гэхээс өөр хэлэх үг олдохгүй байгаа юм. Чадварлаг боловсон хүчин, цомхон бүтцээр ажиллана гээд байсан Ерөнхий сайд С.Баярын худал амлалт үүгээр зогсохгүй.
Түүний сайтар нуун далдалсан данхар бүтцээс нь хувь хүртэх гэсэн дажин улстөрчдийн дунд хэзээний чимээгүй дайн зарлачихаад байгаа. За яах вэ, ЦЕГ, ҮТЕГ-ын даргыг МАХН-аас томилогдсоныг тохиолдол гэж бодоход Татварын байгууллагыг татан буугдах буюу үгсэн хуйвалдаж арилжаалагдан үүргээ биелүүлэхээсээ өмнө устаж буй жигүүрийн ахлагч Ц.Оюунбаатарт өгснийг юу гэх вэ. Бас Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын даргаар Д.Мандах гээчийг тавьсан. Түүнийг С.Баярын халаасны хүн гэдэг юм билээ. Тэгсэн мөртөө ТЕГ, Оюуны өмчийн газар, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга нарыг өөрчлөхгүй гэсэн. Учир нь цаадуул нь МАХН-ынх гэж байгаа. За ингээд С.Баяр яамдаа цөөлж, агентлагуудаа олшруулан та бидний татварын мөнгөөр наадахаар эрслэн шийдсэн шиг байна лээ. Түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн шийдэгддэггүй маргаан Засгийн газрын шинэхэн газар болох Үндэсний хөгжлийн газар хэмээх яамны дайтай газрын даргаар Н.Баяртсайханыг томилж л цэг тавигдах шиг боллоо.

О.Мөрөн

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk