Илүү ихийг манай сайтаас

Сталин гараараа биднийг алдаг байжээ

-Есдүгээр сарын 10: Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр-

“БНМАУ-ын Засгийн газрын эсрэг зэвсэгт бослого бэлтгэж байсан хуйвалдагч байгууллагад” хамаарах хэмээх зохиомол хэрэгт монголчуудыг ингэж яллажээ

1940 оны есдүгээр сарын 6-нд Берия Дээд Шүүхийн цэргийн коллегид дахин 537 хүний хэргийг зөвшөөрөл хүсэж илгээж байжээ.

Нэрсийн жагсаалтын хавсралтаас харахад 472 хүнд буудан алах ял оноожээ. Түүний дотор 41 нь “БНМАУ-ын Засгийн газрын эсрэг зэвсэгт бослого бэлтгэж байсан хуйвалдагч байгууллагад” хамааралтай гэх хүмүүс байсан аж. Үлдсэн 65-д нь 15-аас доошгүй жил хорих ял төлөвлөсөн байжээ.

Нэрсийн жагсаалтын албан ёсны баримт урьд өмнөхөөсөө ялгаатай байгаа нь зэрэглэл тус бүр нь тусгай дотуур нүүр хуудастай, дараа нь баригдахын өмнөх албан тушаалыг тусгайлан зааж тоочсон байх ба мөн хуудасны дугаарыг тэмдэглэсэн байсан. Мөн баривчлагдсан хүний талаарх лавлагаа хийжээ. Өмнө нь лавлагааг зөвхөн гадаадынханд хийдэг байсан, гэхдээ дандаа ч бас биш. Энэ хэргийн талаар архивт Улс төрийн товчооны ямар нэгэн шийдвэр хадгалагдаж үлдсэнгүй. Харин илтгэх хуудас дээр Сталины “Нөхөр Бериягаас” хэмээн тэмдэглэсэн байх ажээ.

Хавтаст хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегид шилжүүлэх зөвшөөрлийг өгсөн байсан бололтой. Ямар ч байсан сонгож авсан шалгалтын явцад, энэхүү нэрсийн жагсаалтад орсон олонх хүн цээрлүүлэгдсэн нь тодорхой байгаа юм хэмээн Оросын хэлмэгдэл судлаачид тэмдэглэжээ Заримд нь таамаглаж байснаас ч харгис хэрцгий ял шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, БНМАУ-ын эдгээр иргэдийг ЗСБНХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу 40 гаруйг нь буудан хөнөөсөн байна.

Бериягаас чухамхүү Сталины зөвшөөрлийг авсан эдгээр хүмүүсийн дотор Өлзийтийн Бадрах, Золбингийн Шижээ, Анандын Амар, Довчин, Лувсаншарав, Мэнд, Лувсандоной, Ц.Догсом, Насантогтох, Г.Дамба, Ц.Дамба, Осорын Дэжид, Жамцын Баясгалан, Сүрэнгийн Готов нарын олон хүн орсон байна.

БНМАУ-ын нам, төр, олон нийтийн зүтгэлтэн хийгээд арми, дотоодыг хамгаалахын удирдах албан тушаал хашиж байсан эдгээр хүний зарим нь Коминтернд ажиллаж байсан хийгээд Зөвлөлтөд улс төрийн цөллөгт байх үедээ 1937 оны нэгдүгээр сараас 1938 оны гуравдугаар сард Москвад явагдсан “Рыков -Бухарин”-ы улс төрийн хилс хэрэгт дам холбогдон их баривчилгаанд өртсөн бололтой. Харин зарим нь Фриновскийн гаргасан нэрсийн жагсаалтад орж, ЗХУ-д баривчлагдан хүргэгдсэн хүмүүс байх ажээ.

Эд бүгд Лефортово, Бутырийн улс төрийн гяндангуудад хоригдож байгаад улс төрийн зохиомол, хилс хэрэгт холбогдуулан ЗСБНХУ-ын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн дагуу ял шийтгүүлж, 40 гаруй нь буудуулан амь насаа алджээ.

Дараагийн буудан алсан нэрсийн жагсаалтууд дайны цаг үед хамаарна. Улс төрийн товчооны бүх үүрэг хариуцлага одоогийн бидний мэдэж байгаагаар Улсыг батлан хамгаалах хороонд (УБХХ) ногдсон байжээ. Дотоод явдлын яамны ардын комиссариат /НКВД/-ын хуучин ажилтан байсан нөхдийн хувьд шүүх үйл ажиллагааны ёс журам илүү “хялбарчилсан” арай өөр хэлбэртэй байгаа ажээ. Түүний дээрх нэрсийн жагсаалт нь ихэвчлэн Сталинд тусгайлан өгдөг байсан бөгөөд, бусдаас ялгаатай нь хавтас үгүй, эсхүл зөвхөн “Жагсаалт” хэмээн гарчигласан эсвэл “Нэрсийн жагсаалт” гэсэн байдаг байлаа. Эдгээрт нэр заагдсан хүмүүс нь Дээд шүүхийн цэргийн коллегид шүүгдэх ёстой бөгөөд хэрвээ чекистүүдийн нэр ерөнхий нэрсэд явж байвал тэдний ар талд нь “НКВД-гийн ажилтан байсан” хэмээн зэрэгцүүлэн тавьдаг байжээ. Ийм нэрсийн жагсаалтыг баталсны дараа Дээд шүүхэд хэлэлцдэггүй, жагсаалтад багтсан хүмүүсийг шууд л бууддаг байжээ. Энэ тохиолдолд Сталин болон түүний хамтран зүтгэгчдийн гарын үсэг л эцсийн шийдвэр гаргахад хангалттай байжээ.

Ийнхүү ЗХУ-д 1934 оноос эхлэн 1941 он хүртэл хугацаанд ид явагдаж байсан “сталинизм”-ын улс төрийн хилс хэлмэгдүүлэлт нь мөн цаг хугацааны дотор “улаан империализм”-ын хор уршиг болж, нүүдлийн жижиг хөрөнгөтний жам ёсны замаар урагшлан байсан Монгол оронд шууд тусгалаа олсон гэлтэй. Үүний үр дүнд “Лхүмбийн хэрэг”-ээс өгсүүлээд Тэндэн, Дэмидийн хэрэг” хэмээх зохиомол улс төрийн хилс хэргүүд. Эдгээрийг зохиохдоо ЗХУ-д явагдаж Коминтерн хийгээд БХК(б)Н-ын “сталины оппозиц” удирдагчид асан Г.Е.Зиновьев, Л.Б.Каменев нарын 1935 оны “Московский центр” буюу “Москвагийн төв”хэрэг, Н.И.Бухарин, А.И.Рыков, Г.Л.Пятаков, К.Б.Радек нарын эсрэг 1937 оны нэгдүгээр сарын мөн 1938 оны гуравдугаар сарын улс төрийн зохиомол “Пятаков-Радек”-ийн хэрэг, “Рыков-Бухарин”-ы гэх зэрэг хэргүүдийн шууд хуулбар нь болгож байсан ажээ. Энэ бүхэн нь орон зай, цаг хугацаа, геополитикийн түүхэн нөхцөл байдлын хувьд үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалан хамгаалахад том гүрнүүдийн дэргэд тухайн үеийн Монгол Улсын хүнд хэцүү сорилтыг туулж байсныг илтгэнэ.

Ялыг албан ёсны болгож яаж гүйцэтгэж байв
1940 оны нэгдүгээр сарын 16-нд Берия Сталинд хэдэн зуун хүний нэрс бүхий ээлжит нэрсийн жагсаалтаа танилцуулсан байна. Дагалдах захидалдаа баривчлагдсан “БХК(б)Н-ын дайснууд, Зөвлөлт засгийн дайснууд, хувьсгалын эсэргүү бөгөөд баруун-троцкист хуйвалдагч, тагнуулын байгууллагын нийт 457 хүний” мөрдөн байцаалт дууссан талаар өгүүлжээ. Мөн НКВД-гийн үзэж байгаагаар тэдний хавтаст хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегид 1934 оны арванхоёрдугаар сарын 1-ний Хууль журмын дагуу авч хэлэлцүүлэхээр шилжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүний дотор 346 хүнд дээд хэмжээний ял өгөх, 111-д нь 15-аас доошгүй жил өгөхөөр санал болгожээ. Төгсгөлд нь Та нарын зөвшөөрлийг л хүлээж байна. Берия” гэжээ.

Хавсаргасан бичиг дотор Исаак Бабель, Михаил Кольцов, Надежда Михайловна Бухарина-Лукина, Всеволод Мейерхольд нарын 346 хүнийг буудан алахаар яллажээ. Нэрсийн жагсаалтын ихэнхийг чекистүүд, “Ежовын тойрон хүрээлэгчид”, “ежовууд” мөн тэдний гэp бүлийнхэн байжээ.

Шийдвэр улс төрийн товчоогоор дараагийн өдөр нь шийдэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 17-нд зөвшөөрөл олгожээ. Гэхдээ энэ удаа ч 1939 оныхтой нэгэн адил Бериягийн саналыг ямар нэган засвар болон өөрчлөлтгүйгээр гаргажээ.

БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Ариунболд Улаанбаатар сонин

Topic: Сталин гараараа биднийг алдаг байжээ

No comments found.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk