Илүү ихийг манай сайтаас

Л.Цог: Засгийн газар ”Рио тинто”, ”Айвенхоу майнз”-аас хахууль авсан гэдэгт эргэлзэх зvйлгvй

Нийслэл таймс

Хууль зvйн сайд асан Логийн Цогтой уулзлаа. Тэрээр нэлээд уур бухимдалтай яваагаа илэрхийлэв.
-Засгийн газрыг унагах операци тодорлоо гэж мэдээлэгдэж байна. Яагаад та бvхэн ийм төлөвлөгөө зохиох болов?

-Буруу ойлгосон байна. Засгийн газрыг унагах төлөвлөгөө биш. Ерөөсөө өнөөдөр Монголын төр, нийгэм, эдийн засаг болохоо байчихжээ. Авлигад идэгдсэн байна. Vvний эсрэг тэмцэхээр парламентад суудалгvй намуудын хvрээнд иргэний хөдөлгөөнvvдтэй нэгдсэн эвсэл байгуулж байгаа. Хамтарч тэмцэх зорилгоор. Өөрөөр хэлбэл Оюутолгойн гэрээг Монголын ард тvмэнд ашигтай хийхээр шаардлага тавиад байгаа маань энэ. Магадгvй энэ гэрээ тэр чигээрээ хийгдэх юм бол Засгийн газрыг огцруул гэдэг шаардлага тавьж болно.

-Оюутолгойн гэрээг байгуулах эрх зvйн орчин бvрдсэн. Дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж батлахаар бэлэн болгоод байгаа энэ төслийн юу нь болохгvй гэж?

-Их хурлаас хийгдэж байгаа бvх хууль өөрөө Оюутолгойн гэрээг нөгөө тал буюу хөрөнгө оруулагчид ашигтай, харин Монголын хувьд ашиггvй байдлаар хийгдэж байгаа тийм орчинг бvрдvvлж өгөх гээд байна. Бидний ойлголтоор Монголын ард тvмэнд vнэхээр ашигтай болгоно гэвэл хуулиа өөрчлөх хэрэгтэй. 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 гэдэг заалтад 34 хувь гэж байгаа. Эцсийн утгаараа хvн өөрийнхөө өмчийг хvнээс худалдаж, мөнгө байхгvй бол хvvтэй зээлж авдаг ийм баларсан заалтыг яаралтай алга болгооч ээ. Гэрээг 30 жилээр бус богино хугацаагаар хийгээч ээ. Лицензийн наймааг зогсоогооч ээ гэсэн гол гол шаардлагуудыг өөрчилсөн бол харин Монголын ард тvмэнд ашигтай эрх зvйн орчин бvрдэх байсан. Гэтэл тэгж чадахгvй явсаар, дордсоор байгаад нөгөө айлын аманд орлоо. Тэдэнд vнэхээрийн ашигтай. Хаана ч ингэж сул олдохгvй, тийм хөрөнгө ашиглах боломж олгож байгаа. Бидэнд огтхон ч ашиггvй гэрээ. Байдал муудсаар л байгаа.

-Энэ нөхцлөөр гэрээ байгуулвал хэр зэрэг хохирол учрах бол?

-Монголын ард тvмэн энэ их баялагтай байсны хэрэг гарахгvй. Авах гэсэн юмаа авч чадахгvй болно. Хөрөнгө оруулагч тал мөнгөгvй гэж байгаа. Тиймээс энэ гэрээнд дөрөөлж хоёр жилийн хугацаанд санхvvжvvлэх мөнгөө олно. Манай баялаг дээр дөрөөлж гадны хvн мөнгө олох нь байна шvv дээ. Vvнийхээ дараа тэр уурхай энэ тэрээ барьсаар байгаад дөрөв, таван жил болно гэж байгаа. Дараа нь vйл ажиллагаа явуулж эхэлнэ. Интээд ашигтай ажиллатлаа эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа буцаагаад нөхнө гэж байгаа. Тэгэхээр энэ хооронд Монголын ард тvмэн юу ч авахгvй гэсэн vг. Ашиг хуваарилахад тэдний хэр их ашигтай ажилласныг мэдэхгvй шvv дээ. Ашгаа гаргахгvй. Яагаад гэхээр ашгаа нуудаг, танадаг, багасгадаг. Тэгэхээр бид гаргасан нөөцийг авах тухай л ярьж байгаа байхгvй юу. Ингэхээр мөд бидний санасан, хvссэн зоргоор ашиглаж чадахгvй. Энэ хугацаанд тэд хамаад гарах нь. Нөгөө талаар гэрээг эхлээд 30 жил гэж байгаа. Сая Усны хууль батлаад, 30 жил өөрт нь эзэмшvvлэхээр өгчихлөө шvv дээ.

-Жинхэнэ эзэн нь өөрөө мөнгө төлж, усаа ашиглах болсныг та юу гэж дvгнэж байна?

-Тэнд усны нөөц бараг байхгvй юм билээ. Их осолтой. Гучин жил ашиглаад, хамаг өнгөтэй өөдтэйг нь “Бороо гоулд” шиг авч гарчихаад, сvvлд нь ус дууссан гээд хаагаад явчих юм бол бидэнд “Болиоч ээ, та минь ээ” гэж хэлэх ямар ч эрх зvйн vндэс байхгvй. Иим л зальтай. Ядарсан орныг мөлжиж сурсан том том акулуудын аманд орох л нөхцөл бий болчихоод байна шvv дээ. Ийм нөхцөлд бидэнд ашигтай гэж хэлэх ямар ч vндэс байхгvй. Мэдээж хэрэг, том бvтээн байгуулалт өрнөсөн мөртлөө 30,40, 50 жилийн эцэст тэр их баялгаас чинь Монголд жоохоон л юм унах гээд байгаа. Энэ дэндvv хайран байна.

-Энэ гэрээ бvх ордод жишиг болно гэж байгаа?

- Стратегийн чухал ач холбогдолтой 16 ордыг эрх баригчид хуваагаад авчихсан. Тэрийгээ хуульчлах гээд сууж байгаа. Энэний л нvх сvв бvрээр гарна гэхээр дэндvv хайран гэж бодож байна.

-Хоёронтоо буцсан хуулийн төсөл дөнгөж дэмжлэг аваад байгаа. Энэ төслөөр бас Монгол Улс 34 хувиа худалдаж авах хэвээрээ юv?

-Тэгж байгаа. Яагаад гэвэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар заалтыг хvчингvй болгоод өгөөч ээ гэж бид дөрөв, таван жил ярьсан. Гэтэл vvнийг огтхон ч хэрэгсээгvй атал “Айвенхоу майнз”-ын тавьсан бvх шаардлага хууль болж батлагдаж байна. Саяын ээлжит бус чуулган vндсэндээ “Айвенхоу майнз”-д vйлчлэх эрх зvйн орчинг бvрдvvлэхэд зориулагдсан. Санд мэнд болсон. Хийсэн хууль нь хуудуутай. Одоо цэц дээр очиж маргалдахаар болоод байна.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэдэг нь зөв vv?

-Аль ч төр энэ татварын байх байхгvй, их багын тухай асуудлыг шийдэж болно. Яах гэж энэ тат¬варыг бий болгосон юм бэ гэдэг нь сонгуулийн амлалттай холбоотой. Хvvхдийн мөнгө өгөх, төсвийн алдагдлыг нөхөхийн төлөө байгуулсан. Өөрөөр хэлбэл vйлдвэрлэгчээс шалтгаалахгvй, гэнэт vнэ өссөний зөрvvгээс авах татвар юм шvv дээ. Тиймээс Монгол Улсыг хөгжvvлэх vндсэн сангаа л устгаж байна. Vvнийг орлуулах бодлого сая УИХ оруулж ирсэнгvй. Хуулинд vvнийг оруулах шаардлагатай учраас бид цэцэд хандсан. Өөрөөр хэлбэл 68 хувийн татварыг багасгаж болох байсан. Байгалийн баялгаа ашиглуулсны таван хувийн төлбөрийг нэмэгдvvлж болох байсан. Ийм бодлого хийгээгvй. Нөгөө талд ямар л ашиг байна, тэрний төлөө явж байгаа. Бид Засгийн газар ингэж хvний аманд орохыг л харлаа.

-Ард тvмэн Оюутолгойн гэрээ батлагдаа л бол “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”-ээ хvртээд эхэлнэ гэж ойлгоод байгаа?

-Ард тvмэн төөрөгдсөн байна. Төөрөгдөл нь арилахгvй, vнэхээр энэ мөнгөө өгнө гэж итгээд байгаа. Ард тvмнээ ингэж айхтар мунхруулсныхаа хариуцлагыг өөрсдөө хvлээх ёстой. Гэрээ батлуут мөнгө өгнө гэж ард тvмэн горьдоод суугаад байна шvv дээ. Амьдрал нь ядуу, хоёр нарны хооронд хоногийн бор хоолоо залгуулахаас өөр юм бодох аргагvй болж байна. Бид ард тvмнийхээ ийм хөөрхийлөлтэй хувь заяатай эвлэрч чадахгvй. Тийм учраас бид эцсийн утгаараа “Талыг нь өгч, хамтран тэмцье” гэсэн уриатай эвсэл байгууллаа. Нэр ус өгөөгvй. Ерөөсөө сөрөг хvчний, нээлттэй эвсэл. Өөрөөр хэлбэл иргэний хөдөлгөөнvvдтэй хамтраад болохгvй бvтэхгvй бvхэнтэй тэмцэж, Монголоо аваръя гэсэн ийм л зорилготой. Эхний алхам бол стратегийн орд газраа цөлмvvлчихгvй байх эрх зvйн vндсийг тавих юм. Эхний гэрээг өнгөтэй өөдтэй болгоё гэж дахин дахин яриад, vvний төлөө ч хvч, дуу хоолойгоо нэгтгэж, ард тvмнийг уриалж байгаа.

-Хvмvvсийн яриад байгаачлан Засгийн газар “Рио тинто”, Айвенхоу майнз”-аас хахууль авсан болов уу?

-Хахууль авсан гэдэгт огт эргэлзэх зvйлгvй. Хэрвээ хахууль аваагvй юм бол энэ гэрээг Монголын ард тvмэнд ашигтайгаар хийх vvрэгтэй шvv дээ. Яагаад тэгж чадахгvй байна вэ гэдэг ойлгомжтой асуудал. Засгийн газар хөрөнгө оруулж, ашиг ухах талын өвөр тvрvvнд ороод байгаагийн хувьд Монголын ард тvмний язгуур эрх ашгийн эсрэг яваа гэж ойлгож байна. Тэд ийм муу гэрээ зvтгvvлээд байгаагийнхаа төлөө хариуцлага хvлээхэд бэлэн байх ёстой.

-Оюутолгой, Тавантолгой гэх мэтчилэн стратегийн орд газраа л ухаж төнхөхгvй бол Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал дээшлэх бусад боломж шавхагдчихсан гэж та бодож байна уу?

-Боломж байлгvй яахав. Хэрвээ газрын энэ агуу баялаг vгvй бол яах ёстой байсан юм. Амьдарч л таараа, хөгжиж л таараа. Бид зөвхөн баялагтаа найдан сууж болохгvй. Бидэнд таван хошуу мал маань байна. Оюуны өндөр потенциаль байна. Бусад баялаггvй улс орны гашуун туршлага “Хоолой дээр хутга” гэгчээр тулж ирнэ шvv дээ.

-Оюутолгойн зэсийн дараахь асуудал уран болж байна. Энэ асуудалд нэлээд нухацтай хандахгvй бол болохгvйг эрдэмтэд сануулсаар байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Бидэнд ураны талаар онцгойлон анхаарсан зvйл алга л даа. Сая өнгөрсөн чуулганаар ураны хууль эрх зvйн орчин гарсан. Тvvнийгээ улам боловсронгуй болгох ёстой гэж УИХ-ынхан өөрсдөө яриад байгааг бодоход эрх зvйн орчин бvрдээгvй. Монголын ард тvмэнд алдагдалтай ийм л юм болсон байх гэж бодож байна. Ер нь Монголын ард тvмний баялаг агуу их юм аа. Гэвч бид даанч өрөвдөлтэй амьдарч байна. Ингээд тавиад туугаад байх юм бол Монголын ард тvмэнд миний тvрvvчийн хэлдгээр ийм их баялагтай байхын хэрэг гарахгvй юм гэж хэлмээр байна. Бид хойч vеийнхээ өмнө vvрэг хvлээсэн. Vр хvvхдээ өнгөтэй өөдтэй явуулах орчинг одоо хадгалах ёстой учраас л бид ингэж амь тэмцэн зvтгэж, тэмцэл хийж яваа юм шvv дээ.

-Та бvхэнд цагдаагийн байгууллагаас жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгоогvй гэж дууллаа?

-Бид ээлжит бус чуулганы vеэр жагсаал, цуглаан хийх гэж хэд хэдэн удаа цагдаагийн газар бичиг өгсөн. Хориглосон. Дээрээс чиглэл өглөө гэсэн. Тэгээд л тэр. Бид ийм л нийгэмд амьдарч байна. Ардчилал гэдгийг ингэж л ойлгож буй юм шиг байна. Өөрийн болоод баялгийнхаа төлөө тэмцэж чадахгvй байж таарахгvй шvv дээ.

Д. ЭРД ЭНЭТУЯА

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk