Илүү ихийг манай сайтаас

Хямд үнэтэй хүнсний хэрэглээ нэмэгджээ

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал барилга, банк зэрэг томоохон салбаруудад нөлөөлж байгааг хэн хүнгүй ярих болсон. Харин иргэдийн амьдралд ямар дарамт учруулж буй талаарх бодитой судалгаа хомс байна.

Манай улсын хүн амын 35 орчим хувь нь ядуу гэх ангилалд хамаардаг. Тэгвэл зарим судлаачийн үзэж буйгаар дээрх тооны хүн ядуурал руу халтиран ороход бэлэн байгаа аж.

Иргэдийн орлого багасч, амьжиргаа нь буурч байгааг зарим тоо баримтаас харж болно. Тухайлбал, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо энэ оны хагас жилийн байдлаар нийслэлд 31, хөдөө орон нутагт 20 хувиар нэмэгдээд байна. Гэхдээ уг дүнг гаргахдаа зөвхөн бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоог баримт болгодог тул ажилгүйдлийн дүнг бүрэн илтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ажилгүй болсон ч холбогдох газарт бүртгүүлээгүй иргэн олон байгаа. Үүнээс гадна энэ оны эхний хагас жилд ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар өсөөд байгаа.

Мөн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагсадын тоо жилийн хугацаанд 26 мянган хүнээр нэмэгджээ. Энэ нь иргэд ажилгүй болж, амьдралд нь нөлөөлж байгааг харуулж байна. Тэгвэл хүн амын хүнсний хэрэглээнд анхаарлаа хандуулъя.

Монголчуудын хүнсний гол хэрэглээ болох үхэр, хонины махны үйлдвэрлэл, борлуулалт буурчээ. Харин ямааны махны хэрэглээ нэмэгдсэн байна. Тухайлбал, үхрийн махны үйлдвэрлэл он гарсаар 92, хониных 99 хүртэл хувиар буурч, ямааны махных 51 хувиар нэмэгджээ. Ингэх гол шалтгаан нь ямааны махны үнэ хямд байгаатай холбоотой юм. Иргэд аль болох хямд үнэтэй мах худалдан авах болсон нь тэдний орлого буурч байгааг илтгэнэ. Хүнсний бусад бүтээгдэхүүн дээр ч ялгаа алга.

Гурилын үйлдвэрлэл 40, талхны үйлдвэрлэл долоо орчим хувиар өссөн байна. Харин нарийн боовны үйлдвэрлэл, гоймон, хэрчсэн бэлэн гурил зэргийн худалдаа буурчээ. Энэ нь нөгөө л үнийн ялгаатай холбоотой. Гурил худалдаж аваад хоол хийх, талх хэрэглэх нь илүү хямд өртөгтэй байна. Үүнээс гадна малын гаралтай түүхий эдийн үнэ унасан тул малчдын амьжиргаанд нөлөөлж, нийслэлийг зорих иргэдийн тоо ч нэмэгдсэн байна. Хөдөөгийн иргэд ихэвчлэн мэргэжилгүй тул нийслэлд ирээд барилга зэрэг салбарт ажилд орохыг хүсдэг. Гэтэл уг салбар хямарснаас шалтгаалж ажлын байр хумигдах болсон. Мөн хөдөөд санхүүгийн сектор сайн хөгжөөгүйгээс шалтгаалж зээл авч ажил үйлчилгээ эрхлэх боломж хязгаарлагдаж байгаа.

Сүүлийн жилүүдэд манай улс иргэдээ хэт халамжлах бодлого барьсан нь хямралд өртөх бас нэг шалтгаан болсон хэмээн судлаачид үзэж байгаа. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцоогоор нийгмийн хамгааллын тэтгэмжгүй тохиолдолд ядуурал 41.3, хүүхдийн мөнгөн тэтгэмжгүй тохиолдолд 38.8 хувьд хүрэхээр байна гэж гаргажээ. Энэ нь иргэдийн амьдралд нийгмийн халамж ямар чухал үүрэгтэй болсон нь харагдаж байна. Нөгөө өнцгөөс харвал нийгмийн халамжийг танаснаар олон иргэн ядуурал руу ороход бэлэн байгаа юм. Бас нэг жишээ дурьдвал, ядуу өрхийн 90 орчим хувь нь тэтгэмжавч байна. Энэ нь нийгмийн халамж ямар өргөн цар хүрээтэй байгааг харуулж буй баримт юм.

Г.Батзориг

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk