Илүү ихийг манай сайтаас

Хүчтэй шуурганаар нэг хүн нас барж, 170 мянган га ургац цасанд дарагджээ

Энэ сарын 18-20-ны өдрүүдэд нийт нутгаар цочир хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурахыг Ус, цаг уурын хүрээлэн, Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байсан. Цаг агаарын тааламжгүй байдлаас болж чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийнхан товлосон хугацаандаа нисч чадахгүй, хүнд байдалд орсон ч өчигдөр авсан мэдээллээр чөлөөтийн бөхчүүд маань тэмцээндээ амжиж очсон байна. Цaг агаарын эрс шилжилтийг хэвлэл мэдээлэл, үүрэн телефоны операторууд гээд боломжит бүх л шугамаар малчид, тариаланчид, ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг өгсний хүчинд хохирол багатай давлаа хэмээн ОБЕГ-аас мэдээлж байна. Энэ талаар ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга комиссар С.Цогтбаатараас тодрууллаа.

-Өнгөрсөн цасан шуурганаар хохирол хэр учирсан бэ? Гурван ч хүний амь эрсэдлээ гэж байсан?

-Ер нь энэ талаар бүхий л мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлж чадсанаар хохирол харьцангүй бага учирлаа. Гурав биш нэг л хүн шуурганд эндсэн. Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн 18 настай X гэдэг охин 18-ны орой 19.00 цагт сураггүй алга болсныг 20-ны өдөр нас барсан байхад нь олсон. Энэ шуурганд нийт зургаан хүн сураггүй алга болсноос хоёрыг нь эсэн мэнд олсон. Одоо Говь-Алтай аймгийн Бигэр сумаас Өвөрхангайн Богд сум руу мотоцикльтой явсан хоёр хүнийг эрэн хайж байна. Булган аймгийн Сэлэнгэ суманд нэг хүн сураггүй алга боллоо гэж байсан ч гэрийнхээ хажуу талын жалганд нас барсан байдалтай олдсон. Үүнийг шуурганы улмаас нас барсан гэж үзэхгүй байгаа. Байшингийн дээвэр хуурсан, гэр, хашаа нурсан гээд хохирол байгаа ч харьцангүй гайгүй байна. Харин газар тариалангийн бүс нутгуудад 8-16 см зузаан цас орсон. Ургацын комиссын мэдээгээр 170 гаруй мянган га ургац цасанд өртсөн гэж байна лээ. Манай онцгой байдлын бие бүрэлдэхүүн ч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа гэсэн юм.

Хүчтэй цасан шуурганаар газар тариалангийн салбар хэр хохирол амссаныг ХХААХҮЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баянмөнхөөс тодруулсан юм.

-Нийтдээ улсын хэмжээнд 170257 га тариалангийн талбай цасанд дарагдсан. Энэ жил авах ургацын 62 хувьтай энэ нь тэнцүү гэсэн үг. Гэхдээ төмс хүнсний ногооны хувьд гайгүй. Хамгийн гол нь үртариа. Бидний авсан мэдээллээр Сэлэнгэ, Төв, Дархан-Ууп аймгийн нутагт 50 гаруй мянга га тариа цасанд өртсөн. Цасанд дарагдсан гэсэн үг биш, одоо эхнээсээ зарим газраар цас нь хайлаад хураахад бэлэн болсон байгаа. Мөн хүчтэй шуурганаар 30 гаруй мянган га босоо тариа налсан. Нийтдээ 80 мянга гаруй га тариа налаад байна гэсэн үг. Манай туршлагатай тариаланчид, мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар тариалалтын 10-15 хувийг нь алдаж магадгүй байна. Энэ нь ойролцоогоор 30 гаруй мянган тонн тариа гэсэн үг л дээ. Гэхдээ ургац хураасны дараагаар л энэ тоо илүү тодорхой болно. Налсан тариаг хурааж авахын тулд өнөөдрөөс аймгууд руу 7500 ширхэг иш өргөгч техникийг хуваарилж байна. Энэ техникийг очих хоёр хоногийн хугацаанд цас арилж, ургац хатаж хураахад бэлэн болох байх гэлээ.

С.Эрдэнэ

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk