Илүү ихийг манай сайтаас

Элчин сайдын дипломат эрхэнд бүдүүлгээр халджээ

Монгол Улсаас Бельги улс, Европын холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн дипломат эрхэнд МИАТ компанийн ажилтнууд халдсан ноцтой явдал есдүгээр сарын 20-ны өдөр гарчээ. Тухайн өдөр Улаанбаатар-Берлиний чиглэлд нисэх МИАТ компанийн онгоцоор улсын нууцын нэгдүгээр зэрэглэлд хамаарах дипломат шууданг хариуцан авч явсан Элчин сайд А.Баттөр явахаар зохих журмын дагуу урьдчилан бичиг баримтаа бүрдүүлсэн байж. Энэ өдрийг санамсаргүй сонгоогүй гэнэ. Учир нь есдүгээр сарын 22,23-ны өдрүүдэд Брюссель хотноо болох олон улсын гурван ч арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор төлөвлөсөн төдийгүй нэг салбар хуралдаанд үг хэлэх байсан аж.
Ийнхүү нисэх буудлын “ВИП” өрөөгөөр дамжин, паспортон дээрээ хилээр нэвтэрсэн дардсаа даруулчихсан сайдыг хэн нь үл мэдэгдэх ажилтан саатуулж, паспортыг нь хурааж аваад Монгол Улсын хилээр буцаж орсон дардас дарчихсан байна.
Ямар нэг ноцтой хэрэг болж гэж ойлгосон Элчин сайд буцаж ирээд учрыг асуусан ч тайлбар хийх хүн олдсонгүй. МИАТ-ийн удирдлагууд ч хариулт өгсөнгүй. Олон улсын хэмжээнд хатуу дагаж мөрддөг Венийн конвенциор батлагдсан дэг жаягаар бол өөрийн улсын хилийн дээсийг алхмагц Элчин сайдын халдашгүй, дархан, дипломат эрх үйлчилж эхэлдэг ёстой. Түүнээс гадна нууцын зэрэглэлийн дугаар нэгд хамрагддаг дипломат шууданг саатуулах, Монгол Улсын гадаад бодлогын зогсолтгүй үргэлжлэх хуулийн халдашгүй заалтыг зөрчих эрх хэнд ч, тэр тусмаа МИАТ компанийн ажилтнуудад байдаггүй нь ойлгомжтой. Мэдээж хууль бус ачаа бараа авч яваагүй, гэмт хэрэг хийчихээд оргон зайлах гээгүй л бол шүү дээ. Ядаж л “Ийм явдал боллоо таныг хойшлуулж болох уу” гэж асуусан бол өөр хэрэг. Олон улсын болон Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн уг үйлдлийн талаар Элчин сайд А.Баттөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад хандан албан тоот илгээжээ. А.Баттөр сайдын хэлснээр нисэх буудлын ажилтан ямар ч хэл үггүй, яг л гэмт хэрэгтнийг газар дээр нь баривчилдаг шиг саатуулан буцаасан гэнэ. Элчин сайдын эрхэнд халдсан шалтгааныг тодруулбал тэмцээнд оролцох чөлөөт бөхийн тамирчдыг явуулахын тулд авсан арга хэмжээ гэнэ. Сүр дуулиантай мордсон нөгөө хэд нь очоод хэрхэн барилдаж байгааг өдөр тутам халаглан, харамсан, заримдаа нүүр улайн сонсож байгаа билээ. Бөхчүүдээ тэмцээнээс хоцруулахгүй гэж шамдуулсныг буруутгах нь зүйд нийцэхгүй биз. Гэхдээ заавал Элчин сайдыг сонгон саатуулсныг зөвтгөх аргагүй.

Олхонууд Шаабар /”Өдрийн сонин”-ы №231 /3308/ дугаарт нийтлэгдсэн/

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk