Илүү ихийг манай сайтаас

Дэлхийн болоод Монголын түүхэнд тодоор бичигдэх өдөр болж байна

Даяар монгол сонин

Дөнгөж сая Италийн Миланд болж буй боксын ДАШТ-ий 51 кг-ийн жинд хүч үзэж буй Монголын боксчин Нямбаярын Төгсцогт медалийн төлөө рингний эзэн орны тамирчин Италийн Винченцо Пикардитай тоглолоо.

Спортын ордон даяар Италийн балиашигууд “Энцо, Энцо” хэмээн хашгиралдах нь дуулдана. Манай Төгсцогт улаан булангаас гарлаа. Эхний раундад хоёр боксчин бие биенээ туршсан тоглолт хийсэн. Эхний оноог Италийн боксчин авсан ч удалгүй Төгсөө маань оноогоо тэнцүүллээ. Гэвч балиашигуудын дэмжлэг уухайн доор Италийн боксчин дахин нэг оноо авлаа. Дараа нь шүүгчид Италийн боксчинд бараг худлаа оноо өгч эхний раунд Пикардигийн хошуучлалаар буюу 1:3-аар дуусав. Завсарлагаагаар Банди багш цаашид яаж тоглох тактикийг хэлж өгч байгаа бололтой. Нутгийн дэвжээн дээр тоглож буй тамирчинтай тоглох тун хэцүү нь ойлгомжтой. Тэр тусмаа оноогоор хожигдож яваа болохоор.
Гэвч Төгсцогт маань дасгалжуулагчийн тактикийг ягштал баримталдаг, ухаалаг, дайчин боксчин гэдгээ сүүлийн хоёр раундад ёстой харуулав. Хоёрдугаар раундад Италийн боксчинд огтхонч боломж олголгүй 5:1-ээр хожин, нийт оноо 6:4- болж манай хүн хошуучилж эхлэв.
Шийдвэрлэх гуравдугаар раундад Италийн боксчин оноогоо нөхөхөөр нилээд шургуу довтолсон ч манай хүн илүү байдлаа алдалгүй итгэл төгс тоглож 6:3-аар илүүрхэн дэлхийн аваргын медалийн болзол хангалаа. Үнэхээр гайхамшигт ялалт байлаа. Ийнхүү Монголын боксчид Миланы рингээс хоёр медаль авах нь тодорхой болов. Дэлхийн аваргын дэвжээнээс манай боксчид хос медальтай ирж байсан түүх байхгүй. Тэгэхээр энэ өдөр Монголын боксын, Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх нь гарцаагүй. Одоо бас Мөнх-Эрдэнэ маань тоглох гэж байна. Гурав дахь медалиа өлгийдөн авцгаая! Дараа нь медалийн өнгөө хувиргахын төлөө…

Ц.Энхтүвшин (”Таван цагариг”)

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk