Илүү ихийг манай сайтаас

Д.Дорлигжав: Ял завшуулахгүйн төлөө прокурор хатуу анхаарал тавьж ажиллах ёстой

Саяхан батлагдсан өршөөлийн тухай хуулийн талаар албаны хүмүүс зохих тайлбарыг өгсөөр байгаа боловч энэ хууль батлагдсаныг хү­мүүс янз бүрээр тайл­барлаж байна. Энэ асуул­туудад хариулт авах зорилгоор Ерөнхий­лөг­чийн Тамгын газрын дар­га Д.Дорлигжавд ханд­лаа.

-Танаас зарим нэг зүй­лийг тодруулж асуух гэсэн юм.

-Чухам юу асуух гэсэн юм бэ.

-Ерөнхийлөгчийн са­наачлан УИХ-д өргөн барьж батлуулсан хуу­лийн талаар зарим нэг зүйл тодруулмаар байна. Энэ хуулийн гол үзэл са­наа нь чухам юу байсан юм бэ?

-Амьдралдаа алдаж энд­сэн, зовж зүдэрсэн ард түмнийхээ нэгээхэн хэсэгт шинээр сонгогдсон Ерөн­хийлөгч Төрийн өршөөл үзүүлэх тухай хуулийг са­наачилсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ санаа­чилгыг гаргахдаа Монгол төрийн баримталж ирсэн ял шийтгэлийн бодлого, урьд нь гарч байсан өршөөлийн хуулиудын хүрээнд боловс­руулсан. Өршөөл үзүүлж байсан тэр хэмжээг хавтгайруулсан зүйл үгүй. Харин ч хээл хахууль өгсөн, авсан хүмүүсийг өршөөхгүйгээр энэ хуулинд тусгасан бай­гаа. Мөн албан тушаалтны буруу үйл ажиллагаанаас болж улс нийгэмд учруул­сан хохирлоо барагдуу­лаагүй тохиолдолд тухайн хэрэгтэн өршөөлд хамраг­дах боломжгүй. Энэ мэт өөрч­лөлтийг эс тооцвол манай уламжлалт ялын бод­логод тогтсон тэр ба­римт­лалыг барьж ажилла­сан. Анх удаа хэрэг үйлдсэн, хөнгөн, хүн­дэвтэр хэрэг үйлдсэн, өндөр настай буюу эмэгтэй 55, эрэгтэй 60 нас­наас дээш насныхан, 18 насанд хүрээ­гүй болон 18 нас хүртэлх хүүхэдтэй хү­мүүст өршөөл үзүүлж ирсэн жишиг байдаг. Үүний дагуу л хийсэн. Уг хуулийг санаачлахдаа Ар­дын их хурлын зарлиг, ерээд оноос хойш гарсан өршөөлийн хуулиудыг сай­тар судалж гаргасан.

-Хамгийн сүүлд Өр­шөө­лийн хууль Их Мон­гол Улсын ойгоор бат­лаг­даж байсан байх аа?

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор өршөөл үзүүлж байсан. Ер нь үн­дэсний баяр наадмын тэгш тоотой жилүүдэд өршөөлийн хуулийг гаргаж байсан бай­даг. Өнөө жилийн хувьд Ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ойг тохиолдуулан энэ хуулийг санаачилсан. Зарим хүмүүс өршөөлөөр суллагдсан этгээ­дүүд бараг маргааш нь эргээд шоронд ордог мэтээр ганц нэг то­хиолдлыг хавтгай­руулан тайлбарлах явдал байдаг. Бодит байдал дээр судал­гаагаар үзэхэд нийт өр­шөөгдсөн хүмүүсийн дөр­вөн хувь нь дахин хэрэг хийсэн үзүүлэлт байдаг. Өөрөөр хэлбэл, 100 хүнээс дөрөв нь дахин хэрэг хийсэн гэсэн үг. Эндээс үзэхэд төрийн өршөөл бол үр дүн­тэй байдаг нь харагдаж байна.

-Энэ хуулийг алдаж эндсэн олон хүнээс гадна тэдний гэр бүл, үр хүүхэд нь хоног тоолон хүлээсэн байх. Гэхдээ нөгөө талаас шүүмжлэлтэй хандаж бай­гаа хүмүүс байна. Тухайл­бал үүнийг хүний амь хороосон хэрэгт буруут­гагдаж байгаа хурандаа нар, албан тушаалтнуудад зориулан гаргасан хууль гэж үзэх хүмүүс байна…

-Би энэ хуулийн гол зо­рилго үзэл санааг дээр хэлсэн. Хуулийг зөвхөн дол­дугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон хүмүүст зо­риулж гаргасан биш, өөр ямар нэг хувь хүмүүс, албан тушаалтнуудад зориулж гаргасан юм биш. Ерөнхий­лөгч алдаж эндсэн зарим хүмүүст ялгаваргүйгээр энэрэнгүй хандсан юм. Тө­рийн тэргүүний энэ ханд­лага зөв гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч байгаа юм. Өршөөлийг хүн нэг бүрт зориулж гаргах боломжгүй. Анх удаа хэрэг үйлдсэн, өндөр настай болсон, на­санд хүрээгүй байсан гэх зэрэг үндэслэлүүдээр хуу­лийг гаргадаг.

Цагдаа нартай холбоо­той хэргийн тухайд шүүхээр шийтгэгдээгүй байгаа. Тэд­нийг ямар зүйл ангиар шийт­гүүлнэ гэдгийг мөрдөн бай­цаалтын шатанд мэдээд хууль гаргах боломж байх­гүй. Хүмүүсийн яриад бай­гаа шиг хүн амины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж бай­гаа цагдаа нар өршөөлд хамрагдаагүй. Харин өр­шөөлийн хуулийг ашиглан тэдний хэргийн зүйл ангийг өөрчлөн ял завшуулж хэр­хэвч болохгүй.  Энд проку­рорын байгууллага хатуу анхаарал тавьж ажиллах ёстой.

-Тэгэхээр хурандаа нар өршөөлийн хуулиар ялаас мултарч байгаа гэсэн нь худлаа байх нь ээ?

-Өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдөр зарласан Онц байдлын үеэр галт зэвсэг хэрэглэх тушаалыг өгөөгүй гэдгээ тухайн үеийн төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнүүд удаа дараа мэдэгдсэн. Гэтэл галт зэвсгийн улмаас хүний амь хохирсон байгаа. Энэ хэрэгт буруутай хүмүүс ял шийтгэлээ хүлээх ёстой. Өршөөлийн хуулийг буруугаар ашиглавал эргээд хариуцлага тооцох асуудал гарч ирнэ гэдгийг хэлмээр байна. Үүнийг өөрсдөө мөрдөж, хяналт тавин ажиллаж байгаа Прокурорын байгууллага анхаарч ажиллах биз ээ. Мөн авлигын хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн зүйл анги өмнө шалгагдаж байснаасаа өөрчлөгдөх вий гэдэг дээр ч холбогдох хуулийн байгууллагууд анхаарч ажиллах ёстой. Өмгөөлөгч, хохирогчид ч бас үүн дээр анхаарлаа тавих хэрэгтэй шүү.

-Долдугаар сарын 1-ний хэрэг явдлаар шоронд орсон хүмүүсээс хэд нь өршөөлд хамрагдахгүй байгаа вэ?

-Тэднээс 20 орчим хүн өршөөлд хамрагдахгүй байгаа гэсэн. Тэдний хувьд урьд нь хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэж байсан, өршөөл хүртэж байсан хүмүүс учир  өршөөлийн хуулийн заалтад хамрагдаагүй юм билээ.

-Зарим хүн эд мөнгөөр хохи­роосон хүн нь хохирлоо ч бараг­дуулаагүй бас шүүхээс оноосон жил нь өршөөлийн хуулиар байх­гүй болчихлоо гэж гомдолтой бай­гаа тал байгаа. Энэ тохиолдолд хохирлыг барагдуулах боломж байх уу?

-Өршөөлийн хууль бол биеэр эдлэх эрүүгийн ялаас чөлөөлж, хөн­гөлж байгаа болохоос учруулсан хохирлоос нь чөлөөлж байгаа хэрэг биш. Ийм хүмүүсийн хувьд иргэний шугамаар нэхэмжлээд хохирлоо ба­раг­дуулах боломжтой.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул овоо тахихын эсрэг хүн байж одоо өөрөө уул овоо тахиад яваад байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хүмүүс Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгчийг чухам юу хэлж байсныг санаж байгаа байх аа. Тэр “Би уул овоо тахиж чадна, хүмүүст шагнал өгч, жуух бичиг авч чадна. Бас зарим хүний чадахгүй байгаа шударга ёсыг ч тогтоож чадна” гэж хэлж байсан. Түүнээс бус  уул овоо тахихгүй гэж хэлж байгаагүй. Төрийн шийдвэрээр тахилгатай болсон уулуудын гурвынх нь тахилга энэ жил тохиож байгаа. Сая хоёр тахилгад оролцсон. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэгчээр Ерөнхийлөгч тухайн нутаг усанд очиж тахилганд оролцсон. Өөрийгөө тахиулах биш, уул овоо, нутаг усаа байгаль орчноо хамгаалах агуулгаар баяжуулж зохион байгуул­сан. Угаасаа төрийн тэргүүн нь орол­цоно гээд өмнө нь зарлиг гаргачихсан, нутаг усны ард олон Ерөнхийлөгчөө ирнэ гээд хүлээж байгаа тохиолдолд явалгүй яах вэ. Гэхдээ найр наадам, бөхийн барилдаан зэрэгт нь оролцож амжихгүй нэлээд шахуу ажилласан. Ерөнхийлөгч нутаг ус, ёс заншлаа дээдлэх,  байгаль орчноо хамгаалж ирсэн энэ уламжлалт ёсыг аль болох хөл хөөр багатай, зарлага багатай хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Тэгвэл нисдэг тэргээр очсон гэдэг шүүмжлэл дээр та юу хэлэх вэ?

-За тэгвэл нэг тооцоо би хэлье. Алтайн Хөхийн тахилгад явахад тэр мянга гаруй км газарт хамгаалалтын машин, дагалдах албан хаагчдын машин гээд арваад машин бүхий цуваанд зарцуулагдах зардлаас нис­дэг тэрэг нь илүү хямд, бас богино хугацаанд оролцоод ирж байгаа юм. “Зууны мэдээ”, “TV8”, “TV9” зэрэг нэг эзэнтэй мэдээллийн хэрэгслэлүүд л ингэж гоочилж байгаа. Сонгууль дуусчихсан шүү дээ гэдгийг хэлмээр байна. Явуургүй юмаар хүний толгой эргүүлэх хэрэггүй.

-Ерөнхийлөгч шагналын үнэ цэнийг өөр болгоно гэж байсан. Ер нь танайхан ямар чиг барьж ажиллах вэ?

-Шагнал урамшууллын тухайд хэт хавтгайрч, барьж ирсэн бодлого алдагдсан гэдгийг хүмүүс ч ярьж байгаа. Амжилтанд хүрсэн ч гавьяагаа үнэлүүлж чадаагүй хэсэг нь гомдож, ард түмнийг хуваасан өнгө аяс ч гарч эхэлсэн. Шагналын асуудлыг буцаад төрийн бодлогын хэмжээнд олгож, үнэ цэнийг нь нэмэгдүүлэхээр бид ажил­лаж байна. Хүмүүст хүлээн зөв­шөөрөгдсөн зөв хүнийг нь олж шагнах нь чухал. Манай тамгын газарт ирж байгаа хүсэлтийн 50-60 хувь нь нэгнийгээ гавьяа шагналд тодорхойл­сон тодорхойлолт байна. Манайхан одонг тоохоо болиод гавьяат л гэдэг болжээ. Нийгэм маань тэр аяараа шагналын дон туссан байна. Үнэндээ манайд зарим төрлийн одон тэмдгийн нөөц байхгүй. Дуусчихсан байсан. Өгье ч гэсэн өнөө жилийн хувьд шинээр хийлгэх төсөв бидэнд байхгүй.

-Шинээр сонгогдсон Ерөнхий­лөгч маань шударга ёсыг тогтоох тухай, шүүх засаглалыг цэвэр ариун байлгах талаар кампанит ажлынхаа үеэр ярьж байсан нь хүмүүст их хүрсэн. Тэгвэл энэ талаараа юу хийж эхэлсэн бэ?

-Мэдээж, нийгэмд шударга ёс тогтооход хуулийн байгууллагуудын удирдлага, баримталж буй хуулийн орчин хамгийн чухал нь  ойлгомжтой. Ерөнхийлөгч ирэх намрын чуулганаар 16 хууль санаачлахаар УИХ-ын даргад уламжилсан байгаа. Тэрхүү өргөн барих хуулинд нь шударга ёсыг тогтоох үзэл баримтлал тусах нь ойлгомжтой. Хуулийн байгууллагуу­дын удирдлагын тухайд бодит байдалд тулгуурлан асуудлыг авч үзнэ.  Хуу­линд зааснаар хуулийн байгуулла­гуудын удирдлагууд  зургаан жилийн хугацаанд баталгаатай хөдлөхгүй байна гэж манайхан бодоод байх шиг байдаг. Гэтэл энэ нь салбарын ажил нь муу байгаад байхад хугацааг нь дуусгана гээд хүлээгээд байна гэсэн үг биш юм.

-Ерөнхийлөгч хэдийгээр амрах вэ?

-Ерөнхийлөгчийн ажлын хуваарийг хараад байхад амралт бараг байхгүй байгаа даа. Их ажлын дундуур 4-5 хоног амсхийж магадгүй. Урт удаан хугацаагаар ээлжийн амралт эдлэх боломжгүй байгаа. 

-Та түрүүнд ажил их байна гэж байсан. Хэзээ амрах гэж байна вэ?

-Миний хувьд ч гэсэн ялгаагүй.

Э.ЭНЭРЭЛ(medee.mn)

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk