Илүү ихийг манай сайтаас

Амрах хүүхэд цөөрч, зуслангууд хаалгаа барихад хүрчээ

Хүүхдийн зуслангийн удирдлагууд саяхан хуралджээ. Энэ нь  нийслэлийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг зуслангууд эзгүй шахам байгаатай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, энэ зун сурагчид зусланд бараг амрахгүй байгаа гэнэ. Гол нь эдийн засгийн хямралтай холбоотой ч ойрын өдрүүдэд бороо хур элбэг байгаа явдал нөлөөлөх бас нэг шалгаан болжээ. Нөгөөтэйгүүр, гар, хөл, амны халдварт өвчнийг дэгдэлт  ч хаа саагүй газар авах  болсон нь нөлөөлж байна гэж хүүхдийн зуслангийн удирдлагууд үзэж буй юм байна.

Өдгөө Улаанбаатарт нийслэлийн ногоон бүсийн найман зусланд хувийн хэвшлийнхнийг нэмэгдээд нийтдээ 15 хүүхдийн амрах газар үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Өчигдөр  “Хандгайт”, “Сэлбэ” зэрэг хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа  Нийслэлийн хүүхдийн төлөө газарт мэдэгджээ. Уг нь энэ хавар ихэнх зуслангууд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавьсан шаардлагын дагуу засвар хийж, орчноо тохижуулсан байна. Гэсэн ч зусланд амрах сурагчдын тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад хэд дахин цөөрсөн нь ийн амралтын газрууд хаалгаа барихад хүргэжээ. Харин хүүхдүүд олон улсын “Найрамдал” зусланд амрахаар бүртгүүлсэн ч очер дугаар ихтэйгээс эрхийн бичиг нь олдохгүй байгаа гэж  Нийслэлийн хүүхдийн төлөө газрын орлогч дарга Р.Батсайхан хэллээ. Найрамдал зусланд арваад хоног амрах эрхийн бичиг гэхэд 170 мянга орчим байдаг гэв. Харин бусад зуслангуудад долоо хоног амрахад 65-75 мянган төгрөг төлдөг аж. Саяхан болсон зуслангийн удирдлагуудын хурлаар хөндөгдсөн асуудлын нэг сурагчдыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр амраах байж. Гэтэл энэ жил барааны болон шатахууны үнэ нэмэгдсэн. Дээр нь зусланд амрах хүүхдийн тоо эрс цөөрснөөс сурагчдад 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэж үзжээ. Харин ийм хөнгөлөлтийг хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд үзүүлэх гэнэ. Түүнчлэн НХХЯ-аас  болсон үерийн улмаас сэтгэл санааны хувьд цочролд орсон зарим айлын хүүхдийг  үнэ төлбөргүй зусланд амраах талаар төлөвлөөд буй юм байна. Дашрамд дуулгахад, Нийслэлийн боловсролын газар Улаан-Үдийн холбогдох байгууллагатай хамтран сурагчдыг солилцооны шугамаар амраах болжээ. Саяхан Улаан-Үдийн сурагчид Монголд ирж, “Найрамдал” зусланд амраад буцсан гэнэ. Харин энэ удаад монгол хүүхдүүд Улаан-Үдийг зорих бөгөөд солилцооны шугамаар амрах хүүхдүүдийн бүртгэл эхэлжээ.  Энэ тухай сонирхож буй бол  Нийслэлийн боловсролын газрыг зорино уу. Бүртгэл тус байгууллагын таван давхарт 502 тоотод явагдаж байгаа гэсэн шүү.

 

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk