Илүү ихийг манай сайтаас

“Тань руу нүүж явна” киноны Хандмаа буюу Л.Долгорсүрэн: “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрд тоглоогүйдээ одоо хэр нь харамсдаг

 “Тань руу нүүж явна” киноны Хандмаа буюу Л.Долгорсүрэн: “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрд тоглоогүйдээ одоо хэр нь харамсдаг

Тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд дотно дүрийг мөнхөлж одоо хэр нь нэгийг бодуулж нөгөөг сануулдаг олон сайхан жүжигчид бий. Тэдний нэг бол “Тань руу нүүж явна” киноны Хандмаа буюу жүжигчин Л.Долгорсүрэн. Хэдийгээр кино драмын урлагаас хөндийрсөн ч “Мандухай цэцэн хатан”, “Нандин эрдэнэ”, “Галзуурсан дурлал” гэх мэт олон киноных нь дүрээр үзэгчид одоо хэр нь түүнийг үгүйлдэг.

Тиймээс бид жүжигчин Л.Долгорсүрэнг уншигчидтайгаа уулзуулж байна.

-”Тань руу нүүж явна” киноны Хандмаагийн дүрээр үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон тэр бүсгүй одоо хаана юу хийж явна гэж уншигчид маань сонирхож байгаа байх?

-Би Eagle телевизийн христийн алба буюу “Үнэт өв” продакшнд киноны дуу оруулагчаар ажиллаж байна. Бүр тэс өөр чиглэлээр ажиллаагүй болохоор өөрийгөө урлагаас холдсон гэж боддоггүй. Би урьд нь ч кинонд дуу оруулж байсан. “Ирэх хаврын цэцэг” киноны гол дүрд дуу оруулсан. Дарханы театрт ажиллаж байхдаа тэндхийн телевизд бүх л кинонд нь дуу оруулдаг байсан. Мэргэжлийн нэг хэсэг ч гэсэн тайзан дээр гарахаас өөр л дөө.

-Кино драмын урлагт хэзээнээс хөл тавьсан бэ?

-Ээж маань бүжгийн багш байсан болохоор би багаасаа урлагт дуртай, урлагийн хүн болохыг хүсдэг байлаа. Ерөнхийдөө 10-р анги төгсөөд л театрт дагалдан жүжигчнээр opсoн. Би чинь Дарханы хүүхэд шүү дээ. Ээжийгээ дагаад л театр руу нь хамт явдаг байсан. Ухаан орсон цагаасаа ээжийгээ дуурайж бүжиглэж эхэлсэн. Тухайн үедээ нэг их айхтар бүжигчин болно гэж бодоогүй урлагтай холбогдож явсаар өдий хүрсэн. Тэр үед аймаг орон нутгийн соёл урлагийн их наадам гэж их том арга хэмжээ болдог байсан. Аймгаа сурталчилах маш том арга хэмжээ болдог байлаа. Тэр үед би драмын томоохон гурван жүжигт гол дүрд тоглож байсан юм.

-“Тань руу нүүж явна” кино таны тоглосон анхны кино юу?

-Миний анхны проб бол “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүр байсан юм. Нямгаваа найруулагч манай Дарханы театрын найруулагч, уран сайхны удирдагч байсан. Миний хувьд хамгийн анхны дүр Үрлээ байсан болохоор тэр дүрдээ тоглох их ч дуртай байлаа. Бид нарын үеийнхэнд зориулсан кино зохиол байсныг ч хэлэх үү их сонирхолтой байсан. Тэр үед бүх пробыг нь авчихсан, жин тан болгочихоод киноны багийнхан ирж зураг авалтаа хийхэд 7 хоног дуу байж байтал тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон. Тухайн үед бүх албан ажил төлөвлөгөөний дагуу явагддаг байсан шүү дээ. Кино үйлдвэр жилд найман кино, тэдэн баримтат кино хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байдаг байсан. Тэгэхэд “Би чамд хайртай” кино яг тэр жилийн төлөвлөгөөнд орчихсон кино хойшлогдонгуут төлөвлөгөө тасарлаа гээд дараа жилийнх нь төлөвлөгөөнд байсан “Тань руу нүүж явна” киног оронд нь хийсэн юм болов уу гэж боддог. Тэр үед би жаахан байсан болохоор нарийн ширийн асуудлыг надад хэлэх биш. Хүмүүсийн ярианаас л тэгж ойлгосон. Би тэр үед кино үйлдвэр дээр ч ирж үзээгүй хүүхэд хүмүүсээр заалгаж байж ирж байлаа. Алдартай мундаг жүжигчдийг хараад айгаад л өөрийн эрхгүй сүрдэж байсан. Дараа нь сонсоход би тэр дүрд шалгуулсан ес дэх хүн нь байсан юм билээ. Их олон хүн шалгаснаас намайг сонгосон болохоор их баярлаж байсан. Тэгээд Өмнөговь руу натурт гарсан. Тухайн үед намайг театрт дагалдан жүжигчнээр орж байхад “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрд тоглодог Дэлгэржаргал эгч маань миний багш болж дааж авч байсан юм. Кинонд тоглох болсоноо Дээгий эгчдээ хэлтэл хөдөө очоод тэгдэг юм шүү. Тэгээрэй, ингээрэй гээд л зааж зөвлөсөн.

-Анхны бүтээл болохоор туршлага дутахаас эхлээд бэрхшээл их байсан байх даа?

-Би урд нь хөдөө явж үзээгүй болохоор гүү саана, ингэ саана гэдэг ер нь л төсөөлөгдөхгүй байсан. Намайг явна гэхэд хүмүүс “болгоомжтой байгаарай, үргэдэг, өшиглөдөг юм, шүү” гээд л захиад байхаар нь бүр үнхэлцэг хагарах дөхсөн. Дэлгэржаргал эгч маань намайг өглөө эрт босч бай, кино зохиолтойгоо ингэж танилц, ахмад хүмүүсийн үгэнд орж бай гээд л хүүхэд зангаараа байгаарай, Тэгэх юм бол хүний хайр татна. Хүнийг хүндэлж сур гэж аль болох намайг хүмүүсийн хайр даах сайн жүжигчин болгох талаас нь их зөвлөдөг байсан. Хөдөө очсон хойноо анхны зураг авалтан дээр Цэрэнгийн дүрд тоглодог Адилбиш ах морин дээрээс унаж пактлаад дараа нь талийгч Нямсүрэн маань бас мориноос ойчихоор нь би ч яанаа гээд их айж байсан. Тэгж л анх энэ кинонд тоглож байсан. Энэ кино бол Балжинням найруулагчийн хамгийн анхны кино. өөрөө уг нь оператор хүн ш дээ. Найруулагч гэдэг утгаараа “Тань руу нүүж явна” кино түүний анхны бүтээл байсан. Энэ киноноос хойш “Мандухай цэцэн хатан”, “Би чамд хайртай” гээд л олон сайхан кинонуудыг хийсэн хүн.

-Та кинон дээр их ажилсаг хөдөөний бүсгүйн дүр бүтээсэн. Урьд нь ингэ сааж үзсэн байсан уу?

-Балжинням найруулагч зураггүй үед намайг ингэ сааж сур гээд айлын гадаа аваачаад орхичихно. Нөгөө айл нь юу гэж надаар туршилт хийлгээд л ажлаа бараад байж байхав. Гэхдээ киноныхон гэхээр хөдөөний хүмүүс их сонирхож тусладаг. Би нөгөө айлд нь өдөржин унтаж байгаад орой найруулагчийг ирэхэд нь машинд
суугаад яваад өгдөг байсан. Яахав тэгж явсаар ингэ сааж сурсан шүү. Яг кинон дээр ингэ сааж байх үед ингэ хөдлөнгүүт юун жүжиглэх манатай ухаан алдах шахна. Айсандаа хойшоо займчсан хэсэгтээ дуу оруулахдаа жаахан засаж дуу оруулсан. Тийм болохоор хүнд нэг их анзаарагддаггүй байх. Натур гэдэг зүйлийг тэгж л анх үзэж байлаа. Кино урлагт хөл тавьсан энэ дүрээс хойш нэг их олон кинонд тоглоогүй ээ.

-Тухайн үедээ олны танил болсон охины хувьд амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн үү?

-Тэгэлгүй яахав. Тэр үед хүмүүс гарч байгаа кино болгоныг үздэг байсан. Киноны маань сэдэв өөрөө эхийн тухай сайхан кино болохоор хүмүүст их хүрсэн. Нэг сонин тохиолдол байдаг юм. Манай нэг найз хөдөө бригадаар явж байгаад нэг айлд буусан чинь тэр айлын бурхан тахилтай гүнгэрваан дотор нь миний зураг байсан гэсэн. Би 1987 онд Москвад 15-р кино фестивальд оролцож байсан юм. Тэнд авахуулсан зураг тэр айлд байсан гэнэ лээ. Тэгээд энэ чинь манай найзын зураг байна ш дээ гэсэн чинь нөгөө айлын хүмүүс “Тийм үү. Энэ охин их сайн жүжигчин гэсэн. Гэхдээ бид нар киног нь үзээгүй” гэж байсан гэсэн. Тухайн үед хүмүүс жүжигчдийг тэгж их хүндэлдэг байсан юм шиг байгаа юм. Тэр үедээ инээдэм болгож ярьж байсан ч сайхан санагдаж байсан.

-Залуусын танилцах санал, хайрын захианд дарагдаж байсан биз?

-Дархан их жижигхэн газар, ээж маань урлагийн хүн би ч бас урлагийн хүн болохоор тийм зүйл байдаг байсан. Хүмүүс ч их таньдаг. Одоо ч хүмүүс тааралдахаараа таньдаг. Хоолойг минь сонсоод таньдаг гярхай хүмүүс ч байдаг. Зарим хүмүүс “Тань рүү нүүж явна” киног үзсэн хирнээ анзаардаггүй юм уу мэддэггүй. “Яагаав нөгөө мотоциклтой явж байгаад онхолддог залуугийн найз охин” гээд өөрийгөө амьхандаа таниулах гээд байхад тийм охин байдаг юм уу гээд огг мэддэггүй хүмүүс ч байдаг юм билээ. (инээв.сурв)

-“Би чамд хайртай” кинонд тоглож чадаагүйдээ та жаахан харамсдаг юмаа даа?

-Хэрвээ би “Тань руу нүүж явна” кинод тоглоогүй байсан бол “Би чамд хайртай” кинонд тоглох байсан ч юм билүү гэж бодоод жаахан харамсал төрдөг. Үзээд сууж байхад тэр үед пробонд тоглож байсан үе, кино зохиол нь нүдэнд харагдаад байдаг.

-Тухайн үед та яагаад өөр олон кинонд тоглоогүй юм бэ?

-Дархан хот өөрөө хөдөө орон нутаг гэдэг утгаараа төвийнхнөөс алслагдмал шүү дээ. Дарханд тэр болгон ирээд жүжигчин сонгох найруулагч ховор. Хотод ойр байгаа хүмүүсээ дуудаад тоглуулчихдаг, Өөрсдөд нь ч амар байдаг байх л даа. Хотод байгаа жүжигчид ч кино үйлдвэрээр орж гарч найруулагчтайгаа ойр байдаг. Бид нар тийм биш. Жилдээ нэг ээлжийн амралт авна. Тэр болгон кино үйлдвэрээр ирээд байхгүй. Хүний амьдрал юм болсон хойно тэгсгээд л ажлаа хийгээд явна. Ер нь иймэрхүү шалтгаанаар кино урлагаас хөндийрсөн гэж боддог. Театрынхаа уран бүтээлд ордогоороо ороод л явдаг байсан. Гэхдээ зарим найруулагчид Дарханд очдог л юм. Тэр болгонд таарах дүр байдаггүй байсан. Манай театрт олон сайхан жүжигчид байсан болохоор би театраа голж, явъя гэж боддоггүй байсан. Манай театрт Равсал панзын дүрд тоглосон Магсаржав, Дэлгэржаргал, талийгч Бужгар гавьяат гуай гээд олон нэртэй жүжигчид байсан. Одоо л бүгдээрээ ийш тийшээ тараад явчихсан.

-Алтан үеийн тэр сайхан жүжигчидтэй хамт ажиллаж, кинонд тоглосон үе мартагдашгүй дурсамж үлдээсэн байх?

-Үнэхээр сайхан дурсамжууд бий. Хөгжилтэй үе ч их байсан. Миний сэтгэл зүрхэнд мөнхийн хадаастай
байдаг. Монгол кино үзэж байхад тэр тусмаа өөрийнхөө тоглосон киног үзээд сууж байхад энэ зургийг авч байхад ингэж факталж байсан шүү дээ гээд л өчигдөрхөн юм шиг нүдний өмнө харагддаг.

-Эргээд театртаа очих бодол танд төрдөг байх?

-Өө тэгэлгүй яахав. ДБЭТ-ын дарга Сэргэлэн манай ангийн охин. Бид хоёр багаасаа найзласан. Тэгээд хааяа нэг Сэргэлэнтэй уулзах гээд дуурийн театрт ороход энд ч хөгжим дуугараад, тэнд ч хүмүүс бүжгээ бэлдэж байхыг хараад өөрийн эрхгүй дотроос нэг юм огшдог. Буцаад театртаа ордог ч юм билүү гээд л түр зуур ороод гарах хооронд олон юм бодогддог. Хүн урлагаас холдоно гэж хэзээ ч байхгүй. Үргэлж хүнийг залуу сайхан байлгадаг зүйл бол урлаг. Бид чинь ядуу ч гэсэн сэтгэлээрээ баян хүмүүс байдаг.

-Сүүлийн үеийн кинонуудад дүр бүтээсэн үү?

-Драмын театрын жүжигчин, найруулагч Наранбаатарыг төгсөх курсын оюутан байхад хамтарч Эрдэнэтийн найруулагч Баярмагнайгийн “Галзуурсан дурлал” кинонд тоглосон.
Наранбаатар бид хоёр ээж хүү хоёрын дүрд тоглож байсан. Наранбаатар одоо хэр нь тааралдахаараа “Ээж сайн уу?” гээд л явж байдаг. Хааяа намайг урьж жүжиг үзүүлдэг юм. Ер нь урлагийн хүмүүс их гоё ш дээ. Сэтгэлээрээ үргэлж залуу явдаг хүмүүс болохоор их сайхан.

-Нямсүрэн агсантай хамт уран бүтээлээ хийж байсны хувьд ойр дотно найзууд байсан байх?

-Би 2000 онд хотод шилжиж ирэхэд талийгч Нямсүрэнтэй уулзаж байсан. Тухайн үед Эрдэнэт рүү шилжих гэж байгаа гэж хэлж байсан л даа. Нас барсаныг нь нэлээн хожуу мэдсэн. Үнэхээр сайн жүжигчин, сайхан хүн байсан даа.

-Танд баярлалаа.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk