Илүү ихийг манай сайтаас

“Богд-Ap”-ын эзэн өвөрлөгч нөхөр цагдааг захирдаг гэнэ үү?

 “Богд-Ap”-ын эзэн өвөрлөгч нөхөр цагдааг захирдаг гэнэ үү?

Эх орондоо байгаа мөртлөө харийн хүнд хөөгдөн, хувийнхаа орон сууцандаа ч тайван амьдрах боломжгүй болоод буй зарим иргэдийн тухай телевизээр цухасхан гарав. Иймэрхүү тохиолдол ганц энэ биш. Хятад иргэд монгол ажилчдыг зодлоо, хятад эзэн нь монгол ажилчдаа ажлын байранд нь түгжээд явчихдаг гэнэ, цалин хөлсийг нь өгдөггүй юм байх, эмэгтэй ажилчдаа гадаад эзэн нь бэлгийн дарамтанд оруулдаг гэнэ гэхчилэн эгдүү хүрмээр мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас салахгүй. Бүр сүүлдээ давраад орон гэртээ ч орох эрхгүй хөөгдөж туугдахдаа тулсан нь дор өгүүлэх баримт.

“Богд-Ар” гэх барилгын компани төмөр зам орчмын газрыг бүхэлд нь өмчилсөн тухай яригдаад хэдэн жил болж байна. Орон сууцны олон барилга барина гэж л авсан юм байх. Гэхдээ л тухайн газар нутагт олон жил оршин суугаа иргэдийг хүч түрэн хөөж зайлуулах эрх лав аваагүй л байлтай. Төмөр замын ууган ажилчид олон жил хөөцөлдөж байж эзэмшилдээ авсан дан байшингууд тэнд байсан шүү дээ. Одоо гурав дөрөвхөн айлын тал байшингууд үлдсэн. Талыг нь нөгөө “Богд-Ар”-ын хятадууд нураагаад байшингийн сууриа тавиад эхэлчихэж. Айлууд нь нүүгээгүй байхад шүү. Эхлээд ус, цахилгааныг нь тасалдаг гэнэ. Тэгэж байснаа байшингийн талыг нураагаад унадаг юм байх. Иргэдийнхээ эрх ашиг, хувийн өмчийг хамгаалахаар баталгаажуулсан хуультай улс биз дээ, манайх чинь. Байшин газраа өмчлөөд авчихсан хүмүүс аль болохоор өөрсдөдөө ашигтай байдлаар наймаалцах гэх нь зүй. Ийнхүү Баянгол дүүргийн дугаар хорооны нутагт байх нураагдсан байшингийн эзэдтэй уулзав.

Төмөр замын ууган ажилчин Т.Цэнсүрэнгийн охинтой ярилцлаа.

-Танайх байшингаа хувьчилж авсан уу. Хэдэн жил амьдарч байгаа айл вэ?

-Манай ээж төмөр замд олон жил ажилласан хүн. Миний л мэдэх арав гаруй жилийн өмнө хувьчлагдсан байр.

-Байшингийн чинь талыг нураагаад хаячихаж. Хэзээ ингэсэн юм. Танайхыг нүүлгэх юм уу, байшинг чинь худалдаж авна гэсэн санал тавьсан уу. Шууд л нураагаад эхэлсэн үү?

-”Богд -Ар”-ынхан “Хурдан нүү. Бид барилгаа барилаа” гэж л байсан. Манайд өөр очих газар байхгүй болохоор худалдаж авъя гэсэн саналаа хэлсэн. Үнэ дээрээ тохиролцоогүй. Манай хажуугийн айл байр аваад нүүчихсэн болохоор тэр хэсгийг шууд л нураасан. Манай ус, цахилгааныг тасалсан. Орох гарах гарцгүй болчихоод байна.

-Байр санал болгосон байлгүй. Та нар хэдэн төгрөгөөр худалдах санал хэлсэн бэ?

-Хоёр өрөө байр авч болно гэж хэлж байсан. Манайх ам бүл олуул болохоор гурав ч юм уу дөрвөн өрөө байр өгвөл сольж болох юм. Эсвэл 100 сая төгрөг өгөөд ав. Бид өөр байр олъё гэсэн. Тэд зөвшөөрөөгүй.

-Дүүрэг, хорооноос чинь яаж хандаж байгаа вэ?

-Нэг их анхаарал тавиад байгаа юм мэдэгддэггүй шүү дээ. Бид холбогдох байгууллагуудад хандаж өргөдөл өгсөн. Цаашдаа хэрхэхийг мэдэхгүй л байна.

Төмөр замын ууган ажилчин хүндэт төмөр замчин Б.Дамдинсүрэнгийн хүү Б.Од:

-Манай аав төмөр замын ахмад ажилчин, нэр хүндтэй хүн. Энэ байгууллагад олон жил зүтгэсний хүчинд энэ байраа хувьчилж авсан. Үр хүүхэд ач, зээ нартайгаа олуул амьдардаг. Бараг хоёр жилийн өмнөөс “Богд-Ар”-ын нөхдүүд хөөгөөд эхэлсэн.

-Байр санал болгосон уу?

-Гурван өрөө байр санал болгосон юмаа. Очоод үзсэн чинь хятадууд өөрсдөө олон жил суусан, бүр хуучин байр байсан. Их засвар орохоор. Тэгээд бид зөвшөөрөөгүй. Бусдын жишгээр 100 сая төгрөг өг гэсэн саналаа хэлсэн. Тэгсэн хажууд том нүх ухаад эхэлсэн. Байшингийн суурь цөмөрч эхэлсэн байгаа. Ус цахилгаан салгаад хаячихсан. Бид өөрсдөө мөнгө төлж холбуулсан.

-Таныг баривчлуулж байсан гэж сонслоо?

-Тэгсэн. Байшин нураагаад, энд кран босгоно гээд байхаар нь бид эсэргүүцсэн. Тэгсэн Идэрбаяр гэж өвөр монгол нөхөр шууд цагдаад “үүрэг өгөөд” намайг баривчлуулж, хүлээлгэнд суулгаж, тэр хооронд кранаа босгочихсон байсан.

-Идэрбаяр гэж юун хүн юм?

-”Богд -Ар”-ын эзэн л гэдэг юм билээ. Уг нь өвөр монгол хүн. Дээгүүр их танилтай. Цагдаагийнханд бараг л дарга нь юм шиг үүрэг өгдөг гээч. Энэ хавийн газрыг тэр Идэрбаяр авчихсан. Тэгээд хятадуудад давхар худалддаг гэж ярих юм билээ. Хотын захиргааныхантай л их сүжирдэг дуулддаг.

-Одоо тэгээд яана гэж бодож байна. Өвөл эндээ байж болох болов уу?

-Өнгөрсөн жил өвөлжсөн. Нураасан талаасаа их жинддэг юм билээ. Санал тохирохгүй бол эндээ өвөлжиж л таарах байх. Бид шүүх, цагдаад өргөдлөө өгсөн байгаа.

-Танай хажууд орон сууц барих гэж байгаа юм уу?

-Юу барих гэж байгааг нь бүү мэд. Лав л энэ суурийн шонгуудыг зургаа дахь удаагаа өөрчилж, дахин босгож байна. Мөнгө нь багтаж ядсан улс юм уу, эсвэл нарийн зураг, төлөвлөгөө байхгүй, дураараа хүссэнээ барьдаг юм уу бүү мэд.

Талыг нь нураасан хашааны буланд нэг гэр байх ба хүүхэд нь хогон дотор тоглож байна. Гэрийн онгорхой хаалгаар өвчтэй бололтой бүсгүй өмнөө сандал тавиастай хэвтэж буй харагдана. Гэрийн эзэн нэрээ хэлэхийг хүссэнгүй. Тэр залуутай уулзав.

-Танайх энэ байрнаас хөөгдсөн айл уу, эсвэл барилгын сахиул юм уу?

-Аль нь ч биш ээ. Уг нь би энэ барилга барьж буй газар задгай гарааж түрээсээр ажиллуулдаг байсан юм. Нэг л өдөр газар маань хураагдаад, хятадууд барилга бариад эхэлсэн. Эхлээд сахиул хийж байсан чинь тусгай хамгаалалтынхан аваад ажилгүй болсон. Гэрт өвчтэй хэвтрийн дүү байдаг. Хүүхдүүдтэйгээ бүгд энд түр толгой хоргодож байна. Энд цэцэрлэг баригдах юм гэж дуулсан. Тэгвэл сахиул хийх санаатай хүлээж байна.

Байдал ерөнхийдөө иймэрхүү дүр зурагтай байв. БГД-ийн Тамгын Газарт очлоо. Засаг дарга Амгалан амарч буй гэнэ.
Орлогч Д.Очирсүрэнтэй уулзлаа. Үнэмлэхээ үзүүлж ирсэн учраа тайлбарлав. Диктофоноо хаачих гэж байна. Их чухал зүйл хэлэх юм байх гэж бодоод дуу бичигчээ унтраалаа.

-Байшингаа нураалгаж, гэрээсээ хөөгдөж байгаа танай иргэдийн талаар тодруулах гэсэн юм?

-Та нар хаанаас, хэний даалгавараар явж байгаа юм.

-Хэн нэгний захиа даалгавар биш ээ. Би танд үнэмлэхээ үзүүлсэн шүү дээ. Танай дүүргийн иргэдтэй холбоотой газрын маргааныг тодруулах гэж явна.

-Тэр тухай манай газрын албанынхнаас асуу. Бидэнд одоогоор ямар нэг гомдол санал ирээгүй.

-Гомдол санал ирээгүй байж болно л доо. Гэхдээ “Богд-Ар” гэдэг компани танай дүүргийн нутагт барилга барьж танай дүүргийн иргздийн эрх ашгийг хөндөөд байгаа юм биш үү?

-Газрын албаныхантай л уулзсан байж магадгүй. Бид сайн мэдэхгүй.

-”Богд -Ар”-ынхантай огт холбоогүй гэж үү. Идэрбаяр гэж хүнийг мэдэхгүй юу?

-Манай хоёрын хооронд маргаан бий нь бий. Зүлэг мод сүйтгэсэн, зам хаасан гээд яриа байгаа. Идэрбаяр гэж хүнийг мэднэ. Монгол хүн шүү дээ.

-Өвөрмонгол хүн юм биш үү. Бас энэ хавийн газрыг хувьдаа авчихсан. Дамжуулж худалддаг гэж хүмүүс ярьж байсан?

-Тэр худлаа. Тийм юм байхгүй.

-”Богд -Ар” танайд татвар төлдөг байх. Хугацаанд нь өгдөг болов уу?

-Татвараа төлдөг, төлдөг. Манай үйлдвэр үйлчилгээний хэлтэс (ҮҮХ), ТҮК зэрэгтэй хамтарч ажилладаг. Энэ манай ҮҮХ-ийн дарга сайн мэдэж байгаа.

ҮҮХ-ийн дарга С.Амарбаясгалан:

-Тэр барилгын нөхдийн тухай телевизээс үзсэн. Манайд энэ талаар тавигдсан асуудал байхгүй. Гэхдээ бид “Богд-Ар”-тай гэрээ хэлцэл хийх ажил бий. Өнгөрсөн зургадугаар сард манай хэлтэс ТҮК, болон мэргэжлийн хяналтынхантай хамтарч газар дээр нь үзлэг хийсэн. Өнгөрсөн онд байгуулсан гэрээгээ зөрчөөд явган хүний болон машины зам хаасан, зүлэг мод сүйтгээд нөхөн сэргээгээгүй байсан.

-Гэрээнд тэр талаар тусгасан юм байж. Харин иргэдийнхээ эрх ашгийн талаар тусгаагүй юм уу?

-Яг иргэнтэй холбоотой асуудал байхүй. Газрын албаныхан мэдэж байх учиртай.

-Тэгээд үзлэгийнхээ мөрөөр юу тохирсон вэ?

-Одоогоор тохиролцоогүй байна. Идэрбаяр гэж нөхөрт хоёр ч удаа албан бичиг илгээсэн. Ирж уулзахгүй байгаа.

-Танай дүүргийн нутагт барилга барьж байгаа мөртлөө та нартай байнга харьцдаггүй юм уу?

-Бараг л үгүй. Яагаад гэвэл газрын зөвшөөрлийг манай дүүрэг өгөөгүй. Нийслэлийн газрын алба шууд өгчихсөн байдаг юм. Гүйцэтгэгч нь гэж бас л хятадууд байдаг.

-Хэн гэгч хятад байдаг юм бол?

-Нэрийг нь сайн мэдэхгүй. Хятад нөхдүүд л байдаг юм.

Эндээс олигтой үг бараг сонссонгүй. Доош бууж татварын албаныхантай уулзлаа. Хоёр эмэгтэй байна. Тэд “Манай дүүрэгт татвар төлдөггүй. Газрын зөвшөөөрлийг нь нийслэл өгсөн болохоор тэнд л төлдөг байх” гэв.

Дүүргийн Газрын албаны ажилтантай уулзав. Тэрбээр:

-”Богд-Ар”-ынханд хөөгдөөд байгаа айлуудын талаар танайд ямар нэг мэдээлэл байна уу?

-Байхгүй шүү дээ. Газрын зөвшөөрлийг нь нийслэл өгсөн болохоор тэнд л мэднэ. Мөнхбаатар гэж хүн хариуцдаг юм. Нийслэл дээр байдаг хүн.

-Танай дүүрэг тэгээд ямар газар хариуцдаг юм. Эсвэл газар өгдөггүй юм уу?

-Өгдөг л дөө. Гэхдээ зөвхөн иргэдийн хувьдаа эзэмших хуулиар зөвшөөрөгдсөн газрыг л өгөх асуудлыг бид хариуцдаг.

Нийслэл, дүүрэг хоёрын дунд иргэд завсардан, хэн дуртай нэгэнд гадуурхагдаад явдаг юм биш үү гэх бодол тээсээр дүүргээс гарав. Энэ дүүргийн Засаг дарга, ажлаа сайн мэдэхгүй (Эсвэл биднийг үл тоомсорлон, хэгжүүрхсэн байж болох л доо Сурв) орлогчид ажлаа даатгаж орхиод амраад явчихсан бололтой.

Олхонууд ШААБАР /”Өдрийн сонин”-ы №194 (3271) дугаарт нийтлэгдсэн/

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk