Илүү ихийг манай сайтаас

Завхан гол тасарч, ширгэжээ

Завхан голын урсгал нь тасарч, ширгээд байгаль экологид төдийгүй, нутгийн иргэд гамшигт нэрвэгдээд байгаа талаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас өчигдөр мэдээлэл хийлээ. Отгонтэнгэр хайрханаас эх авдаг Завхан гол 808 км урт урсдаг байсан цаг саяхан. Гэтэл хоёрхон жилийн дотор Завхан голын урсгал нь тасраад ихэнх нь хоосон сайр үлджээ. Багахан урсаж байгаа голынх нь гольдрол үхсэн загасаар дүүрсэн эмгэнэлтэй дүр зураг үлдээд байгааг гэрэл зургаар үзүүллээ.  Голын ус тасарч, ширгэсэн нь Тайширын усан цахилгаан станцыг технологийн дагуу ажиллуулаагүйтэй холбоотой юм байна. Тайширын усан цахилгаан станцаас доош голын усыг маш багаар урсгаж байгаа аж. Тиймээс ийнхүү гол тасарч ширгээд байгаа аж. Одоогоор 500 км газарт Завхан голын урсгал нь тасраад байгаа юм байна. Тодруулбал, Тайшираас доош ердөө 50 км нутагт урсах төдий байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол байгаль экологид төдийгүй, ард иргэдийн амьдралд гамшиг тохиолдох ойрхон байгааг тус сангийн хамт олон сануулж байна. Зөвхөн Завхан гол ч бус энэ голоор тэжээгддэг олон нуур, ус эхнээсээ ширгэж үгүй болжээ.Үүний нэг нь үзэсгэлэнт Эрээн нуур юм. Энэ нуурны гуравны нэг хувь нь татарчээ. Мөн Завхан голтой нийлж Айраг, Хяргас нууранд цутгадаг байсан Тээлийн голын түвшин эрс багассан байна. Үүнд мөн л Дөргөний усан цахилгаан станц нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Дөргөний усан цахилгаан станцыг Чоно харайхын гол дээр барьсан. Тус станцыг хэдийгээр бага ус зарцуулдаг, голын усыг яг тэр төвшинөөр нь цааш урсгаж байгаа гэж тайлбарлаж байсан хэдий ч газар дээрээ энэ нь хэрэгждэггүй байжээ. Үүнээс болоод Дөргөн, Хар-Ус, Айраг, Хяргас нуурууд эргээсээ их татарсан байна. Тухайлбал, Хяргас нуур 100-200 м татраад байгаа аж. Завхан гол татарснаас хойш энэ хавьд багаар бодоход 100 тонн загас үхжээ.

 

Х.ЦЭНД-АЮУШ

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk