Илүү ихийг манай сайтаас

Пентагон сансрын хогийг цэвэрлэнэ

1957 онд “Спутник-1″ хөлөг сансрын уудамд гарснаас хойш дэлхийн тойрог зам бохир, эмх замбараагүй болж, хүний дэлхий даяар үүсгэсэн хэдэн саятонн хогон овоо шиг цэвэрлэхийн аргагүй болжээ. Өнгөрөгч хагас зууны хугацаанд хүн төрөлхтөн сансрын уудам руу ажилладаг, ажилладаггүй мянга мянган хиймэл дагуул, пуужин, дуран авай, хөлөг илгээснээс сая гаруй бутархай хэсэг нь өдгөө дэлхийг тойрон эргэлдэж буй. Харин АНУ-ын Батлан хамгаалах яамны Дэвшилтэт зэвсэг судлалын хороо сансрын хогийг цэвэрлэх төлөвлөгөө боловсруулж буйгаа зарлалаа. Тус улсын албаныхны тооцоогоор 1957 оноос хойш сансрын хөтөлбөртэй орнууд тойрог зам руу хүний гараар бүтсэн 35 мянга гаруй эд зүйл хөөргөсөн байна. Тэдгээрийн 20 мянга орчим нь тойрог замд үлдсэнээс 94 хувь нь ажиллахаа больж, дэлхийг бүрхсэн хогон тойрог үүсгэжээ. Энэхүү тооцоонд тоолоход дэндүү жижиг зүйлсийг багтаагаагүй бөгөөд теннисний бөмбөгний дайтай болон түүнээс ч жижиг эд зүйлс сансрын хогийн багагүй хэсгийг эзэлж буй. Тойрог замд аялагчдын тоо дэндүү олон тул том биетүүд мөргөлдөх нь ихсэж, тэдгээр жижиг бутархай үржсээр байна. Сансрын хогийн хор уршгийн талаар мэргэжилтнүүд олон жил ярьсан ч хамтарч төлөвлөгөө боловсруулж, хогийг хэрхэн зайлуулах талаар өргөн хүрээнд хэлэлцсэн нь үгүй. Дэлхийг бүрхсэн хогон бүрхүүл агаар мандал, цаашлаад хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг ч судлаачид эцэслэн тогтоож, санал нэгдээгүй байна. Сансрын хог хиймэл дагуул, сансрын хөлгийн замд саад болж, заримд нь сүйрлийн шалтгаан болж болзошгүй нь л мэргэжилтнүүдийг одоогоор түгшээж буй. Харин цаашдын хор уршиг нь төсөөлснөөс ч хөнөөлтэй байж мэдэх тул сансрын хогийг зайлуулах хөтөлбөрт нэгдэхийг АНУ олон улсаас хүсчээ. Пентагон төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулаагүй ч дэлхийн тойрог замыг хогийн сав болгосон хамгийн том эд зүйлсийг дэлхийд авчирч устгахаар зэхэж буй бололтой. Цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд бүтэшгүй мэт боловч энэ нь сансрын хогтой холбоотой мэдээллүүдээс хамгийн таатай нь гэж мэргэжилтнүүд сайшааж буй аж. Сүүлийн мэдээгээр, алдарт “Боинг”-ийнхон Пентагонтай хамтрахаа мэдэгджээ.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk