Илүү ихийг манай сайтаас

Памперстай парламентч болох мөрөөдөл

Хачин мэдээ сонслоо. Уг нь сэтгүүлч хүн элдэв юм сонссоор байгаад хэрийн юманд цочирдохоо больчихдог дамшиг байгаа юм. Гэтэл дуучин Самандын Жавхлан Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Утсаа шүүрлээ. Хүмүүсээс асуулаа. Үнэн гэнээ. Бүр сонгуульдаа ажиллах багаа бүрдүүлээд эхлэл ажилдаа орчихсон тууж явна гэнэ шүү. Юун түрүүнд түүнийг ойлгохыг хичээлээ. Эр хүний дотор байдаг өнөөх эмээлтэй хазаартай морь нь үүрсээд болдоггүй л юм биз. Нэгэн цагийн хайрынх нь охин тэнгэр явсан дуучин Т.Баясгалан парламентч нөхөртэй болж хүү төрүүлэн башийсан нь түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн ч байж мэднэ.

Дуучин бүсгүй өөрөөс нь хэдэн хуруу дээр ханьтай болсонд юм юм бодоо л байлгүй. Гээд ямар түүнтэй барьцаж парламентч эхнэртэй бололтой нь биш. Ядаж УИХ-ын гишүүн бүсгүйчүүд бүгдээрээ гэр бүлтэй бүр эмээ болчихсон тул шууд өвөө болох ч хаашаа юм бэ. Кёкүшюзантай адилхан бөх барилдъя гэлээ ч нэгэнт хүч чадал заяагаагүй тул аргаа бараад бөхийн тухай дуу зохиож дуулж үзэв. Болдоггүй ээ. Өнөөх дууг нь хүмүүс “Аан, Жавхлан нутгийн ах Баянмөнх аваргын захиалгаар хүргэн хүүд нь зориулж дуу зохиож. Аягүй л бол Сүхбат аваргын эхнэр Баясгалан загнаж байгаад дуулуулаа биз” гэсхийгээд хүлээж авсангүй. Ингээд бодоо биз. Бодоод ч шийдвэрээ гаргаа байлгүй. Гартай бол гартай, хөлтэй бол хөлтэй, хаммертай бол хаммертай, гавъяатын тэмдэгтэй бол тэмдэгтэй, хүнээс дутах юу байхав, ерөөсөө л УИХ-ын гишүүн болдог хэрэг гэж. Муу сайн бөхчүүд гишүүн болж чадаад байхад дуучин яагаад болж болохгүй гэж. Шинэ жил энэ тэрээр гишүүд дуулах дуучингүй л байгаа даг. Ер нь тэгээд Баясгалан, Кёкүшюзан хоёр өнгөрсөн цагаан сараар уухал торгон дээлийн ланз хээ шаттал хослон дуулсан даг. Би арай дээр дуулах байлгүй гэж шаралхаа юм байлгүй дээ. Нээрээ л гишүүн болчихоод Д.Батбаярын хажуугаар дуу аялсан шигээ шуугиулж явбал ядаж л Т.Баясгаланд харагдах өнгө нь арай өөр юм даа. Энэ бол аргагүй л эр хүний, гэхдээ хаягдсан эр хүний сэтгэлээс л гарах шаралхуу бодол юм. Хүн хүний УИХ-ын гишүүн болох зорилго үнэхээр өөр өөр юм. Зарим нь зүгээр л олны танил болох гэж, өөр зарим нь бусад гишүүдтэй нийлэн хуйвалдаан зохион байгуулаад аль нэг байгууллагын эрх ашгийг хамгаалан хууль батлуулж ахиухан мөнгө унагаж баяжих гэж УИХ-ын гишүүн болдог. Гэхдээ хоёрдахь хувилбар нь арай боловсролтой гаршсан этгээдүүдийн хийдэг сонголт. Эхнийх нь яг л С.Жавхлан мэтийн хөдөөний бацаануудын мөрөөдөл юм.

Аймгаасаа ахиж СУИС-аасаа гарч Эрээний хэдэн хоолон гэрүүдэд кассет нь сонсогдонгуут өөрийгөө од болчихлоо хэмээн андуурдаг жаалуудын сагсуурал одоо байтлаа Монголын төр рүү халилаа гэж бодохоор харамсам.

ОХУ-ын алдарт дуучин Николай Басковын “Шарманка” дуугаар Кремлийн концертийн их танхим нээлтээ хийдэг. Түүний энэ л дууг сонсох гэж хүмүүс их танхимд нь багтаж ядан ирцгээдэг. Түүнийг дэлхийн алдартай театрууд байнга урьж дуулуулах хүсэлтээ илэрхийлдэг байна. Энэ дуучин бол С.Жавхлангийн үеийн залуу бөгөөд түүний мандан бадрах үе С.Жавхланг олны танил болж байх тэр цаг хугацаатай давхцдаг. Гэхдээ ялгаа нь гэвэл Николай Басков дэлхийн хэмжээний дуучин болсон бол С.Жавхлан жижиг дуучин хэвээрээ үлдэв. С.Жавхланг тэр агуу дуучинтай зүйрлэх нь хэтийдсэн хэрэг боловч тийм гайхалтай дуучин ч парламентын гишүүн болно гэж зүтгээгүй явааг сануулах гэсэн юм. Цаг хугацаа урагшлах явах тусам хүн хөгждөг бол С.Жавхлан зөвхөн баяд дүрвэдээ дуулж тэднийгээ клипэндээ тоглуулж нэг муу жалга довны үзэл ханхлуулан жилээс жилд жижгэрч яваагаа мэддэг болов уу. Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин цол авахад нэгэн ухаант буурал “Памперстай гавъяат төрлөө” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байсан. Түүн шиг “памперстай гишүүн” болох мөрөөдөл өнөөх жаалын дотор багтдаг байна шүү. Алийгаа ч мэдэхгүй, өөрийгөө захирч чадахгүй мэдээ орж амжаагүй хүүхдэд л живх зүүж өгөөд нойрсуулдаг болохоос памперс углаж өгөөд төр түшүүлдэг гэж мэдэхгүй юм. Тэгээд ч намар цагийн хөдөөний нэг найран дээр халамцуу голдуу дуулах л дууг С.Жавхлан дуулсан болохоос Монголын урлагийн тэнгэрт бүл нэмж, од болон цойлж, уран бүтээлийн шаглаа хатгаагүй л яваа нэгэн дээ.

Л.Мөнхбаясгалан

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk