Илүү ихийг манай сайтаас

Нэг муу монгол дэлхийн хэмжээний мэтгэлцээнд цэг тавьжээ

Б.Галаарид

Зууны мэдээ - PashiTsogtoo agentlag

Ч.Эрдэнэ гэдэг нөхөр “Би супернэгдлийн онолыг нээчихлээ” гэж сүүлийн үед ярих боллоо. Тэр хичнээн яривч шинжлэх ухааны хүрээнийхэн таг чиг. Нэг хэсэг нь санаатайгаар чихээ бөглөж, нэг хэсэг нь үл итгэж, эс тоон басамжилж, нэг хэсэг нь мэдэхгүйдээ ийн таг чиг байна бололтой.
Уг нь бол супернэгдлийн онол гэдэг дэлхийн эрдэмтдийн чихийг сортойлгож, хорхойг нь гозгонуулсан эд л дээ. Нэгдсэн онол, эцсийн онол, бүх юмсын онол, буй бүхний онол, материйн нэгдсэн онол гэхчлэн янз бүрээр нэрлэгддэг. Манайхаас өөр оронд хэн нэг хүн үүнийг нээлээ гэвэл бөөн дуулиан дэгдэж, жинхэнэ их тэсрэлт болох ёстой. Яагаад гэвэл ертөнцийн оршихуйг ганцхан логикоор нэгтгэн тайлбарлах, тооцоолох онолыг бий болгоно гэдэг нь дэлхийн толгой эрдэмтэд шийдэх гэж хамаг амьдралаа зориулаад барахгүй байгаа, зарим нь цөхрөхдөө энэ бол үлгэр домог, хий хоосон мөрөөдөл гэж хэлэхдээ тулчихаад байгаа асуудал. Эгэл бөөмсийн физикт хийгдсэн бүх туршилтын үр дүнг нэгтгэн тайлбарласан стандарт онолын загалмайлсан эцгийн нэг Стивен Вайнберг “Эцсийн онолын зүүд мөрөөдөл” хэмээх ном бичсэн бөгөөд энэ онолыг 2150 онд ч олоогүй байж болно гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ онолыг нээж ч мэднэ, үгүй ч байж мэднэ гэсэн тодорхойгүй байдал анхнаасаа л байсан. Гэвч ийм онол байгааг нээх, эсвэл ийм онол байх боломжгүйг нотлох хоёрхон зам шинжлэх ухааны өмнө байв. Гэтэл Ч.Эрдэнэ энэ асуудлыг шийдчихлээ, ийм онол байгааг нээчихлээ гэдгээ зарлаж эхэллээ. Энэ бол дэлхийн толгой физикчид зуун жил оролдоод хийж чадаагүй зүйлийг монгол хүн хийчихлээ гэсэн үг. Үлгэр домгийн гэж байсан асуудлыг үнэн мөн хэмээн баталчихлаа гэсэн үг. Асуудлын агуу нь үүнд л байгаа юм. Агуу зүйл бүтээсэн иргэнээрээ дэлхийн бусад улс орнууд бахархдаг. Гэтэл Монголд үүнийг анзаарахгүй байгаа нь сонирхол татна.
Ч.Эрдэнэ энэ онолыг нээсэн тухайгаа “Би арваннэгэн жилийн турш олон саяар тоологдох тоон туршилт тавьж байж нэгдсэн онолыг сая нэг юм боловсрууллаа. Энэ онолоос үлгэрийн гайхамшигт шинэ технологи урган гарна гэдэгт найдаж байна” хэмээн ярьж байна.
“Суурь онолыг зохиож болдоггүй, нээж олдог юм. Зохиож болдог байсан бол энэ хүмүүс чинь тэнэг биш болохоор хэн нэг нь аль эрт зохиочихолгүй яахав дээ. Харин нээж олохын тухайд хаанахын хэн ч нээж мэднэ. Шинжлэх ухаан, үнэн мөн хоёрт арын хаалга, алаг үзэл байдаггүй учраас ингэж нээх хувь надад тохиосон хэрэг” хэмээн тэр мөн өгүүлсэн юм.
Тэрээр 1997 онд “Их гурвалжин” гэдэг номоо хэвлүүлж билээ. Тэр бол монголчуудын төдийгүй дэлхийн соёл иргэншлийн түүхийг түмэн жилээр урагшлуулсан бүтээл байсан. Тэр бүтээлийн дараа Эрдэнэ гэдэг энэ нөхрийн толгойноос ямар ч сонин санаа гарч болно гэсэн хүлээлт тодорхой хүрээнийхэн дунд анх бий болсон. Тэгтэл 1998 онд Хан-Уул дээд сургууль санаачлан МУИС-ийн дугуй танхимд Ч.Эрдэнэ мэдээлэл хийхээр болов. Хангалттай олон физикч математикчдын өмнө тэрээр супер нэгдлийн онолоор судалгаа хийж эхэлж байгаа тухайгаа дуулгалаа. Бруног шатаагсад тэнд цуглачихав уу гэлтэй уур амьсгал танхимд бий боллоо. “Европын суут Паули тэргүүтнүүд хийж чадаагүй юмыг нэг муу монгол чи хийнэ гэж юу ярина вэ? Чи муу үхэр монгол оо” хэмээн нэгэн нэрт физикч бухимдан орилж, бүдүүлэгдүүхэн хэлвэл Монголын толгой эрдэмтэд хөөрхий муу Эрдэнэд лавхан салаавч үзүүлж билээ. “Үхэр монгол” Эрдэнэ тэгэхэд “Миний энэ судалгаа XXI зууны дэлхийг авч явах болно” гэж хэлээд танхимаас гарсан. Дэлхий чадаагүй юмыг нэг муу монгол чадна гэж үлгэрийн далай гэсэн уур амьсгал танхимд үлдэж хоцорсон. Гэтэл өнөөдөр, 2009 онд нөгөөх “үхэр монгол” чинь “Би чадчихлаа” хэмээн чанга дуугарч байна.
Оксфордын их сургуулийн нэрт онолч, профессор Рожер Пенроуз “Хүн төрөлхтөн юм мэдэх нь байтугай танин мэдэх зөв замаа ч хараахан олоогүй явна” гэж нэгтээ дуу алдсан нь саяхны хэрэг билээ. Энэ нь өнөөгийн физикийн загалмайлсан эцгийн нэг Поль Адриан Морис Диракийн “Логикгүй найдваргүй болчихлоо” гэж онолын физикийг дүгнэсэнтэй авцалдаж байгаа юм. Харин Ч.Эрдэнэ “Миний супернэгдлийн онол бол математикийг үндэслэлтэй, физикийг логиктой болгож байна” хэмээн учирлаж байна. Өөрөөр хэлвэл бүх зүйлсийн үндэс болсон логикийг олчихлоо гэсэн үг. Ертөнцийг танин мэдэхүйн зөв замыг олчихлоо гэсэн үг.
“Та тэгээд ийм том нээлт хийчихсэн юм бол номоо хэвлүүлээд, гадаадын нэртэй эрдэмтэдтэй ном хаялцаад өөрийн үнэн гэдгийг батлаач дээ” гэж шордвол чингэж чадахгүй байгаа шалтгаанаа үнэнээр нь хэллээ. “Кембрижийн их сургуульд очоод хоёрхон цаг лекц уншихад л миний нээлтийг дэлхий хүлээн зөвшөөрнө. Харамсалтай нь маш жижиг боловч миний хувьд давагдашгүй хүчин зүйл нэг л байна. Энэ бол санхүүгийн асуудал. Ном хэвлүүлэх, ирж очих, тэнд байрлах зардал зэрэг механик асуудал дээр гацчихаад байна” гээд тэрээр санаа алдлаа.
Сайн морь, сайхан хүүхэн, гоё тэргэнд сая саяар нь мөнгө цацдаг шинэ цагийн тэрбумтнууд дунд түүний нээлтийн ач холбогдлыг ойлгож, дэмжиж тусалчих оюуны сүв нь онгорхой хүн алга уу гэх харамсал төрнө. Монголын нэрийг олимп, дэлхийн аваргаас ч илүүтэйгээр цуурайтуулах энэ үйл явдлыг дэмжиж тэтгэх талаар санаа тавьж, төр маань түмэн нүднийхээ нэгнийх нь булангаар ч болов халиагаасай гэж хүснэ.
Галилейн физикт хийснийг, Ньютоны онолын физикт хийснийг монголын Эрдэнэ гүйцээхэд болохгүй нь юу байна? Манай эрдэмтэд хувь бодгалийн амбицаа түр хойш тавьж, түүний нээлтийг дэмжих талаар санаа тавиасай гэж хүснэ. Хилийн чанадад бол Эрдэнийн биш, харин Монголын нэр илүү гарна, Монголын шинжлэх ухааны нэр хүнд өснө гэдгийг бодоосой гэж хүснэ.
Хүн төрөлхтний дэвшил хэмээгч нь эцсийн эцэст оюун санааны талбар дахь тулааны үр дүн билээ. Чингэс хааны байлдан дагуулал ч гэсэн наад өнгөндөө зэвсгийн эрдэм, эр чадлын шалгуур мэт харагдавч цаанаа бол монгол оюун, монгол ухаан ялан дийлсэн хэрэг байсан. Түүнтэй адилаар эцсийн онолыг хэрхэн шийдэх талаар мөн л орон орны толгой эрдэмтэд тулалдаж байна. “Математик ба онолын физикийн дэвжээнээ цагийг эзэлсэн их аварга еврей нар өрсөлдөгчгүй ноёлж байгаа үед энэ нээлтээрээ би монгол хүнийг, монгол оюуныг тэдний эсрэг сөргүүлэн тавьж байна” гэж Ч.Эрдэнэ ярих дуртай. Үүний цаана байгалийг бурханчлан шүтэгч пантеист шүтлэг болох иудаизм, тэнгэр үзэл хоёрын аль нь илүүг нотлох цаг боллоо хэмээнэ. Энэхүү түүхэн халз тулаанд монгол үндэстний нэр төрийг би бооцоонд тавьчихаад байна гэж ярина. Монголын минь нэр гарах болохоор ялагдал хүлээхгүйн тулд, заавал ялахын тулд арваннэгэн жил хэдэн сая тоотой ноцолдсоны эцэст хөдөлбөргүй үнэнийг олж чадсан хэмээнэ.
“Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлийн 1987 оны нэгэн дугаарт “Цэг ба ертөнц” гэсэн өгүүлэл нийтлүүлж супернэгдлийн онолын эхлэлээ тавьж байсан Ч.Эрдэнэ ийнхүү ертөнцийн мөн чанарын тухай маргаанд цэг хатгаснаа одоохондоо Монголдоо зарлаад байна. Түүнийг нь олон улсын хэмжээнд зарлаж, босго өндөр шүүлтүүрээр шүүлгэж нээлт гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлэх нь нийт Монголын асуудал билээ. Нэг муу монгол нээлт хийж чаддаг, чадах чадахдаа дэлхийн нэгдүгээр зэргийн асуудлыг шийдэж чаддаг гэдгийг харуулах сан. Тулгуур чанартай том нээлтүүд зуун, мянганд нэг удаа хийгддэг бол эцсийн онол гэдэг бүх цаг хугацааны туршид ганц л удаа хийгдэх бүлгээ.

“Зууны мэдээ” 2009.09.07.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk