Илүү ихийг манай сайтаас

Хуучин ерөнхийлөгч маань хуучин суудлаа мөрөөдсөөр зүүдэлсээр

Хуучин ерөнхийлөгч маань хуучин суудлаа мөрөөдсөөр зүүдэлсээр

Нийгмийн толь

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ дахь суудал нэлээд үнэд хүрэх шинжтэй дэг шүү. Ардчилсан намынхан эрхэм Ерөнхийлөгчийнхөө суудлыг хадгалж үлдэхийн тулд мөн парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцаагаа алдахгүйг хичээж Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд идэвхийлэн оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцсон намуудын дарга нартайгаа аминчхан хошуу холбож буйгаа ч мэдэгдсэн. Харин МАХН-ын удирдлага аль өнгөрсөн хавраас л бага хурлаа хийнэ хэмээн сүржигнэсэн ч ажил хэрэг болсон нь үгүй. Түүгээр ч зогсохгүй их хурлаа энэ намартаа багтаан хийж, намдаа шинэчлэлийн “салхи”-ийг шившин үлээлгэнэ гэсэн ч нам доторх эвдрэлцэл бас л ажил уясаар байгаа сурагтай. Гэтэл Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгууль хаяанд тулаад байдаг. Энэ зуур ч намын жигүүр, хөдөлгөөний шинэчлэл мөрөөдөгчид их, бага хурлын аль нь болох хамаагүй ямартай ч чуулъя гэсэн саналыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд удаа дараа илгээж байгаа гэнэ. Гэвч намын удирдлага нь нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсны дараа хурлаа хийе хэмээн хашигнаж байгаа дуулдана. Харин энэ бүхний “хөшигний цаана” хэрвээ нэр дэвшигчээ тодруулахаас өмнө намын бага хурлаа хийчихвэл удирдлагын халаасан дахь нөхрийн нэр унах гээд байгааг эх сурвалж хэлж байна.

Одоогийн байдлаар тус намаас зургаан хүн нөхөн сонгуульд нэр дэвшихээр яригдаж эхэллээ. Тодруулбал, хотын захирагч Г.Мөнхбаяр, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, МАХН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Баярмагнай нарыг нэр дэвших боломжтой хэмээн тус намын Удирдах зөвлөлийн комисс хоёр өдөр хуралдан байж тодруулсан. Гэвч улс төрийн хүрээнийхний үзэж байгаагаар одоо яригдаж буй нэр дэвшигчдээс ялах шанстай аавын хүү байхгүй гэдгийг хэлж байна. Харин хамгийн сонирхолтой нь энэ удаагийн нөхөн сонгуульд даргыгаа газар дор ортол муулах, албан тушаал өгөхгүй бол жигүүр гаргаж шантаажлах гээд өнгөрсөн нийгмийн дарангуйлагч хэв шинжээсээ нэг л салж чадахгүй байгаа экс жигүүрийн нөхөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сойж байгаа гэнэ шүү. Хэрвээ экс Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэн ялуулж чадвал тэрбээр гарцаагүй МАХН-ын “толгой”, Ерөнхий сайдын сэнтий рүү зүтгэх аж. Тэр ч бүү хэл Засгийн газраар оролдох хуйвалдаан үүсэж буй тухай “бор шувуу” шаргал ордноор жиргэх боллоо. Харин энэ зуур экс жигүүрийн Хуучин бууны хугархайнуудын төлөвлөгөө биелэлээ олж Н.Энхбаяр парламентад орж чадвал тэд ч гэсэн гудамжинд лааз өшиглөх биш албан өрөөнд тухлах нь тодорхой болох юм байх.

Гэхдээ энд аминчхан нэгэн зүйлийг шивнэхэд, улс төрийн мониторингийн судалгаагаар 88 жилийн түүхтэй Хувьсгалт намын рейтинг 2006-2007 оны үед 20 хувьд хүртлээ навс унаад байгаа билээ. Тэгээд ч одоо өндийгөөд өндийгөөд 40 хувиас дээшилж чадахгүй яваа. Рейтинг ийм муугийн балгаар нөхөн сонгуульд шууд орох нь ямар үр дүнтэй байх нь тодорхой. Түүнчлэн Иргэний хөдөлгөөний намын хувьд дэд дарга М.Ичинноровыг нэр дэвшүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэрийг хоёр өдрийн өмнө хуралдсан намын Иргэдийн бага чуулганаас гаргасан байна. Гэхдээ “Иргэний эвсэл”-ийн овгоор нэр дэвшүүлэх аж. Дээрх асуудлын улмаас АНУ-д ажлаар явж байсан М.Ичинноровыг дуудан ирүүлсэн бололтой.

О.Сэлэнгэ

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk