Илүү ихийг манай сайтаас

Караоке парламент байгуулъя, мөн үү

javhlan

Нийгмийн толь

Бодоод байсан чинь С.Жавхлангийн зөв юм байна. Тэр яагаад улстөрд хөл тавьж болохгүй  гэж. “Дуу дуучнаа голдоггүй, дуучин нь үзэгчээ голдоггүй” гэмээр болохоор түүний зөв, мөн үү.

Харин С.Жавхлангийн  адил бодолтой дуучин,  жүжигчин, бөхчүүддээ зориулсан тусгай парламент байгуулж өгөөгүй нь бидний буруу байж, тийм үү. Гэтэл  цаадуул чинь өөрсдийнхөө үүргийг аль хэдийнэ ухамсарлаад  эхний алхмаа хийчихсэн байна.

“Төр засаг биднийг шагнасан болохоор  зүгээр суух эрх алга. Эвгүй юм” гэхийг сонсов уу.  Гавьяат гэдэг тэмдгийг энгэрт нь зүүж өгөхтэй зэрэг “улстөрд орооч” гэсэн урилга өгчихлөө гэж эндүүрдэг аж. Эндүүрэх ч юу байхав ерөөсөө тэгж ойлгодог юм байна. Аль ч улсад  иймэрхүү ой санамжтай хүмүүс байдаг.

Бусад нь тэднийгээ гомдоохгүйг хичээдэг. Нэг хэсэг Баатархуяг, Уянга нар тэдэнд зориулж “Ард түмний их хуралдай зохион байгуулна” гээд төлөөлөгчөөр нь сонгож  баярлуулж билээ. Харамсалтай нь түүнээс хойш тэднийг тоосон хүн алга. Ямар сайндаа л А.Сүхбат аварга “Би улстөрд орох нь орно. Гэхдээ нөхөн сонгуулийг  тоохгүй. Ирэх 2012 оны сонгуульд өрсөлдөнө “ гэж туних вэ дээ. С.Жавхлан  л хөдөөнийх юм болохоороо  “Гавьяат авчихсан чинь  зүгээр сууж болдоггүй “ гэж  нууж хаахаа мэдэхгүй ярьсан байсан.

Уг нь тэр тэмдгийг өгсөний хариуд тухайн ажлаа л сайн хийх ёстой  гэдгийг Хайдав багш нь хэлээд өгчихсөн бол дээр байсан ч одоо өнгөрсөн.

Ийм сонирхолтой хүмүүс  энэ хоёроор  хязгаарлагдахгүй  болж. Тухайлбал, дуучдаас гэхэд л  “Номин талст”-ын Хаянаа, “Камертон”-ы Ган-Эрдэнэ, зохиолын дуучин Ч.Бат-Эрдэнэ, Д.Энхзул, Т.Ариунаа, Сараа, Дашдондог  бөхчүүдээс Д.Сумъяабазар, Асашёорюү Дагвадорж, даян аварга Г.Өсөхбаяр, зохиолчдоос Ш.Сүрэнжав, Т.Галсан гээд явж өгнө дөө. Эдний араас эдийн засагч Н.Дашзэвэг, бас нэг эдийн засагч Жаргалсайхан… Далан зургаан суудал бүхий парламентыг элбэгхээн байгуулчих хэмжээний улс төрийн шуналтай нөхдийн цуглуулга дороо л  бүрдэх нь байна. Тэгэхээр эдэндээ тохирсон  тоглоомын парламент байгуулж өгчихөөд “Караоке парламент” гээд нэрлэчихье. Энэ нэрийг санал болгосон нь бас учиртай.  Өнгөрсөн жил С.Жавхлан “Түмний минь  дуртай дуунууд”  гэдэг  концерт тавьж үзэгчдийг хуйлруулан  дагаж дуулуулаад  “бяц”  авав даа. Гэтэл нэг солонгос нөхөр Бөхийн өргөөний хажуугаар явж байгаад “Хөөх танайх ийм том караокетой юм уу” гэдэг байгаа. “Юун караоке. Манай алдарт дуучин Жавхлан алж өгч байхад” гэсэн чинь харин өөдөөс “Хүн болгон дууг нь дуулаад байдаг дуучинг  ямар дуучин гэдэг юм бэ.

Тэднийг чинь караоке гэдэг юм.” гээд жуумалздаг байгаа.   Энэ явдлаас үүдээд  ийм нэр зүгээр юмуу гэж бодсон юм.  Тэгээд ч улстөрийн хорхойтой дуучид  олон байдаг шүү дээ. Тэд хуралдаж байгаад уйдахаараа Жавхлан, Хаянаа, Сараа, Ариунаа  нараа дуулуулж байхад  зүгээр юм уу л гэж.

УИХ-ын гишүүдийн санал хураахад нэр нь гардаг том дэлгэцний оронд караоке самбар өлгөчихвөл аятайхан байрлал санагдана. За тэгээд дуучдаасаа уйдахаар бөхчүүдээ гаргаж барилдуулж болно. А.Сүхбат барилдахаа болиод удаж байгаа болохоор тэр танхимдаа Г.Өсөхбаяртай барилдаад л… Сурвалжлагчид зургийг чар чар хийтэл дарж гүйлдээд. Телевизүүд гэнэт киноны дундуур “Шуурхай мэдээ” гэж байгаад л”Караоке парламент”-аас шууд дамжуулаад л… Ингээд бодохоор сайхан байгаа юм.

Мэдээж тэнд улстөрийн  том тоглолтууд явагдаж таарна. А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр гишүүдээ өөр өөрийн фракцдаа хуваагаад хэн нь хэнээсээ арай илүү даян аварга вэ гэдгээ үзэлцэх байх.  Гишүүн А.Сүхбатын хадам аав Х.Баянмөнх аварга бүхнийг далдаас зохицуулах гэж үзнэ.  Н.Энхбаяр шиг юм уу даа.  Харин С.Жавхлан  увсынхны фракц байгуулж одоогийн Ц.Нямдорж ах шигээ явах биз. Тэр мэдээж А.Сүхбатыг дэмжинэ. Ингээд А.Сүхбат хүчирхэгжиж хотынхон буюу одоогийн энэ М.Энхболд ахыгаа дуурайн  юм юм л хийх гэж оролдоно. Хадам аавтайгаа нийлээд уулын ам хашдаг байсан бол тоглоомын парламентад суугаа гэдгээ умартаад уул уулаар нь хаших гэж үзнэ дээ.  Мэдээж тэдэнд спикер хэрэгтэй. Хамгийн ахмад настай хүнээрээ Ш.Сүрэнжав гуай спикер нь болох байх.  Угаасаа ч найр наадам хөтөлж шүлэглэдэг шүү дээ.

Сараа Ариунаа хоёр ч яаж зүгээр байхав. Жендерийн асуудал ярьсаар байгаад нэг нь Боловсролын сайд, нөгөө нь  Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд болж дөнгөнө. Эдийн засагч Дашзэвэг нөгөө нэг эдийн засагч Жаргалсайхан хоёр Сангийн сайдаа булаалдаж  хөөрхөн юм болох вий. Ерөнхий сайдаар нь сархад сайн хүртдэг гээд Т.Галсан гуай байвал тохиромжтой юм уу… Цаашаагаа ч маниар заалгахгүй аваад явчихна даа, тэд. Найдаж болохоор хүмүүс байгаа юм.

Ингэж л  эднийгээ нэг төвхнүүлж өгөхгүй бол төр самарчих гээд айлгаад байх юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг  нэлээд айж байгаа болов уу гэж бодож байна. Төрөөс одон медалиар шагнуулж  байгаа хүмүүс  бүгдээрээ “Бидэнд зүгээр суух эрх байхгүй”гээд энэ С.Жавхлан шиг зүтгээд байвал яана.

Эсвэл “төрийн дээд одон медалиар шагнуулсан хүмүүс зүгээр суух эрхтэй”  гэсэн хуулийн заалт оруулж өгсөн нь дээр үү. Ер нь  манайхан нэг юмруу хошуурахаараа жолоогоо татахаа байчихаад өнөөхөө заавал дампууруулж салдаг туршлагатай л даа. Тухайлбал, нэг хэсэг уул уурхайгаар өвчилж хүн бүхэн уурхайчин хайгуулчин болж, газар нутгаа лиценз болгон зарж үрээд санаа амарсан. Дараа нь барилга ашигтай гэж сонсоод малчин монгол,  барилгачин монгол болж үр дүнд нь өнөөдөр барилгын салбараа бүрэн дампууруулж дууслаа. Харин одоо байчихаад УИХ-ын гишүүн болвол ашигтай гэж сонсоод бүгд гишүүн болохоор зүтгэж байна. Эцэст нь тэгээд төрөө дампууруулах хэрэг үү.

Анхлан Бавуугийн Лхагвасүрэн, Жанцанноров нар УИХ-д сонгогдоод дараа нь “Энэ бидний хийх ажил биш байна” гэсэн. Ухаантай хүмүүс ийм л байдаг гэтэл нөгөө талд нь байгаа хүмүүс арай өөрөөр ойлгоод яваад байх юм.  Үүнийг нь гадныхан ч мэдчихээд манай хэдийг ёстой явуулж өгөх юмаа. Одоо хаяа кинонд тоглоод, хаа нэгтээ  дуу дуулчихаад  яваа дуучин Нара гэж бүсгүй бий.  Тэр  хоёр жилийн өмнө Хятадад болсон олон улсын дуу дуулаачдын наадамд  оролцжээ. Тэгээд яаж дуулж бүжиглэсэн бичлэгээ харуулав. Ичмээр ээ. Өмссөн зүүсэн, бүжиглэх гэж хөдөлж барьж байгаа нь нүүр байтугай юм улаймаар. Тэрний дуулна ч гэж бас юу байхав.  Гэтэл дуучин бүсгүй өөрөө ярьж байна. “Тэмцээнийг шүүж байсан шүүгчид намайг хараад шууд “Азийн содон хачин дүр төрх” гэсэн шагналыг тэр дор нь бий олгоод шагнасан. Энэ бол миний шагнал биш монголчуудын маань шагнал шүү” гэж айлгав. Мэдээж түүнийг харсан хэн ч ёстой л Азидаа сонин дүр төрх байна даа гэж хэлэхээр.  Хөөрхийг хятадууд  дооглоод явуулчихаж байхад мэдэхгүй хөөрөөд ярилцлага өгч байгаа нь тэр. Тэгээд зүгээр өөрийгөө магтахгүй “энэ та нарын шагнал шүү”  гэж хүмүүсийг айлгаад  байгаа юм.

Иймэрхүү л содон дүр төрхүүд манай нийгэмд ажиглагдаад байх боллоо. Тэднийгээ караоке парламенттай болгочих юмсан.

Л.Мөнхбаясгалан

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk