Илүү ихийг манай сайтаас

Ерөнхий сайдын эзгүйд Н.Энхбаяр тоглоомын тойрогт багтаж амжлаа

Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль хаяанд тулж улс төрийн намууд үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнаад сүр хүчийг үзүүлж байх шив. Харин өнгөрөгч баасан гаригт MAXH-ын нийслэлийн намын хороо хуралдаж таван нэр дэвшигчийг тодруулжээ. Үүнд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, тус намын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа, МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн нар юм.

Тиймээс намын шинэ дүрмийн дагуу тухайн өдрөө эдгээр горилогчийн нэрийг Чингэлтэй дүүргийн МАХН-ын үүрт хүргүүлээд байгаа гэнэ. Харин дараа нь дүүрэг, нийслэлийн Намын хороогоор орж шигшигдсэний эцэст хоёр нэр дэвшигчийг Намын бага хурлаар хэлэлцүүлж, зөвхөн нэгийг нь нөхөн сонгуульд өрсөлдүүлдэг журамтай юм байна.

Нөхөн сонгуулийн сураг дөнгөж сонстож эхлээд байхад намын шинэ, хуучин удирдлагуудын дунд эрх мэдлийн тулаан эхлэж буй “бор шувуу” ордноор хөвөрч байсан. Энэ нь ч үнэний ортой болох нь өнгөрөгч баасан гаригийн хурлаар нотлогдлоо. Учир нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намынхаа гишүүнчлэлийг сэргээж, даргынхаа эзгүйд ямар ч байсан тоглоомын тойрогт багтаад амжив. Гэхдээ Н.Энхбаяр төрийн тэргүүний суудлаас буухдаа “Өмнөх Ерөнхийлөгч нар шиг мэргэн үг айлдан, титэм үг тэрлэж, зөвлөх хийж суухгүй, намынхаа ажилд оролцож өөрийн байр сууриа бататгах болно” хэмээсэн нь одоо л тодорч эхлэх нь ээ. Тэр ч бүү хэл намын экс жигүүрийн хэдэн нөхөртэй ганзага нийлээд авсан сурагтай. Өөрөөр хэлбэл, МАХН-ын уруудаж буйн шалтгааныг намын дарга С.Баяр руу чихэгчид Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг намын толгойд дахин гаргахыг мөрөөдөх болсон аж. Харин энэ мөрөөдөлд хүрэх цорын ганц зам нь нөхөн сонгууль юм байх. Хэрвээ Н.Энхбаяр нөхөн сонгуульд ялж, парламентад орж чадвал эхний ээлжинд Засгийн газрыг огцруулах болзолтой өөрийн багаа бүрдүүлж байгаа дуулдана. Энэ нь ч үнэний ортой дэг шүү. Учир нь намын дарга С.Баяр экс Ерөнхийлөгчийн хөлийг хорихын тулд элдэв янзын хорон санаа, төлөвлөгөө боловсруулаад эхэлжээ. Тухайлбал, Монгол Улсын хоёрдогч Ерөнхийлөгч Н.Багабандиас намын даргын хувьд нөхөн сонгуульд нэр дэвших эрх олгон нэг үгээр хэлбэл, эксийг нам тавиад өгөөч гэсэн юм байх.

Харин тухайн үед Н.Багабанди намын даргынхаа саналыг “Бодож үзье” гэж байсан ч Ерөнхий сайдын эзгүйд бүх асуудал маш хурдацтай хийгдэж эхэллээ. Одоо харин Ерөнхий сайд Солонгосоос ирээд асуудал хэрхэн өрнөхийг харах л үлдэх шив.

Дашрамд дуулгахад, намын дарга энэ сарын 23-нд ирж, 25-28-ны хооронд намын бага хурлаа хийх гэнэ. Гэхдээ С.Баяр даргын “экс” Ерөнхийлөгчийг намнах эхний төлөвлөгөө талаар болж байгаа дэг шүү.

О.Сэлэнгэ

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk