Илүү ихийг манай сайтаас

ЭМ-ийн дэд сайд нярайн хувийн эмнэлэг нээж бизнесээ өргөжүүллээ

Монголын нэг өдөр сонин

tsolmon-j

Хоёр төрийн нүүрэнд суудлаа бат эзлэн дэд сайдын албыг хашиж байгаа Ж.Цолмон хатагтайг улс тврд орохоосоо өмнө жирийн нэгэн хувийн эмнэлгийн эзэн байсныг салбарынхан нь андахгүй. “Ортодент” хэмээх эрүү нүүр, гоо засал, шүдний эмнэлгээрээ өөрийн хэмжээнд боломжийн бизнес эрхэлчихдэг бай-сан тэрээр мэргэжлийнхээ дагуу ийн чимээгүйхэн мөр хөөж ирсэн билээ. Оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр улс төрд гэрлийн хурдаар амжилттай шат ахиж, том намын удирдах зөвлөлд багтан албан тушаал эрх мэдэлд тогтуун баттай тарвалзах болсныг нь хүмүүс янз бүрээр таамаглан ярьдаг. Ямартаа ч хамгийн сүүлд Л.Гүндалай гишүүнтэй хэл ам, хэрэг зарга үүсгээд уйлаан майлаандаа тулж түүндээ хань нөхрөө хүртэл татан оруулаад намжсан ЭМ-ийн дэд сайдын талаархи шинэхэн сонинг удирдлагад нь ажиллагсад жиг жуг хийх болов. Албан тушаал, эрх мэдлийг амин хувийн ашиг сонирхлоор харах нь хэвийн л үзэгдэл болсон Монголын улс төрийн атмосферт энэ хатагтай ч амташсан л жишээ. Уг нь бол манайхаас бусад оронд төрийн албаны ёс зүй гээч том ухагдахуун бий. Харамсалтай нь ядуу буурай манай толгой нь томдчихсон төрд алба, амины ажлыг хослуулах арга ухаан ах дүү аав ээжийнх нь нэрээр овоглогдон цэцэглэн хөгжсөөр байдаг. Эрүүл мэндийн дэд сайд “Ортодент” эмнэлгийнхээ дэргэд нялхас нярайд үйлчлэх төрөлжсөн эмнэлэг байгуулахаар аль хэдийнэ хяналт шалгалтаар оруулж, тамга тэмдгийг нь зэхчихээд ор дэрийг нь төвхнүүлж суугаа юм. Эрүү нүүрний чиглэлээр мэргэшсэн эмчийн хувьд гоо сайхан гадаад төрхөндөө юугаа ч хайрладаггүй энэ хатагтай өөрийгөө өндөр түвшний боловсрол, мэдлэгтэйд үнэлдэг. Үүн дээрээ улс төрд амжилтанд хүрэхэд эмэгтэй хүн тодорхой хэмжээнд золиослогдох юм байхыг анхлан зоригтой тунхаглаж байсан ЭМ-ийн дэд сайд бас ч бизнесийн чамгүй мэдрэмжтэй нэгэн бололтой. Эрүүл мэндийн аль ч байгууллага, эмнэлэгт орсон эмчилгээ үйлчилгээ, харьцааны соёл шаланд чирэгдсэн энэ салбарт шинэ сэргэг нярай, нялхаст үйлчлэх эмнэлэг шиг хэрэгтэй юм байхгүй нь үнэн. Гол нь төрийн өндөр албан тушаал, эрх мэдлийн хүрээндээ өөртөө давуу эрх олгож, түүнийгээ урвуулан ашиглаж, халаасаа түнтийлгэж байгаа нь бидний төр гэж бурханчлах дуртай тогтолцооны гажиг юм. Үүнд ч ард түмэн дасч орхисон. Учир нь хаа л бол хаана энэ сайдын, тэр даргын гэх бизнес наймаа бидний амь амьдралын энгийн хэв маяг болчихсон хойно доо. С.Ламбаа сайдыг хааяа дэд сайдаа дуудаж царай зүснийх нь сайханд дуниартсан шигээ суух дуртай гэдэг. Ж.Цолмон хатагтайн сүйхээ, гүйлгээ ухаан ч эмчийн тангарагаа хэзээ өргөснөө мартахаас ч илүү сийрэг юм гээч. Чадаж байгаа юманд арга байхгүй гэгч л энэ байх. Энэ мэтчилэн эрх мэдэлтнүүд зүтгэж байж босгыг нь алхсан улс төрийнхөө хэргийг аав ээж, ах дүү, амраг садныхаа нэрээр гарган, амь амьдралаа бөөцийлдөг нийгэмд ард түмэн дэд сайдын бизнест хөрөнгө оруулан амьдарч байна. Уг нь бол улс төрд эмэгтэйчүүд л цэвэр тунгалаг байж, үнэн сэтгэлээр зүтгэж улс орныг урагш хөтөлж чадна гэхчилэн гарч ирсэн санагдана. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан дэд сайдынхаа шил толь болсон шинэ эмнэлэг, ашиг орлогыг гайхаж сууна. Үнэндээ жирийн ард иргэдийн үйлчлүүлдэг эх нялхсаар овоглогддог улсдаа ганц эмнэлгээ өөд татан, өөрийнхөө биш өргөн олны эрх ашгийг бодсон дорвитой бодлого шийдвэрийг сэдэж чадсан бол нялхсын амь нас эрүүл мэндэд ач тусаа өгөх байлаа. Харин хэзээнээсээ л хэл үг татласаар, сав л хийвэл сайн муугаараа дуудуулдаг эх нялхсын эрүүл мэнд дэд сайдад зоосны нүхээр ашиг хонжоотой туссан бололтой. Тэр том эмнэлгийг өөд татах гэж зовж сууснаас өөрөө эмнэлэг нээчихээд өрхийн орлогоо ахиулж суусан нь илүү хялбарыг эм хүний мяндсан ухаанаар Цолмон сайд олоод харчихсан нь энэ.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk