Илүү ихийг манай сайтаас

ДБЭТ-ийн дуучин Ө.Уянга: Эмэгтэй хүнд тохиолдож болох зүйл амьдралд минь таарсан ч гэр бүлээ үймүүлэх хэмжээнд хүрээгүй

Монголын нэг өдөр сонин

Өнөө цагийн Монголын сонгодог урлагийн залуу үеийн нэрийн хуудас болж яваа дуучин бол Ө.Уянга. Гал цогтой энэ бүсгүй дуурийн тайзнаа хоолойныхоо гайхамшгаар үзэгчдийг бишрүүлж энэ урлагийг шимтэн сонирхох фенүүдийн тоог эрс өсгөсөн гавьяатай нэгэн. Тиймээс ч түүний амьдрал алхаа гишгээ бүр нь олны анхаарлын төвд байдаг болсон. Аргагүй л урлагийн салбарт од болон гялалзаж тэр хирээрээ агуу сонгодог урлагийн тайзнаа эрхэмсэг орон зай эзлэн буй хатагтай Ө.Уянгыг энэ дугаарынхаа “Эрхэмсэг хатагтай” буланд урьж оролцууллаа.

-Дуучин хатагтайн “нэг өдөр” хэр ачаалалтай өнгөрдөг вэ? Хоолойн дасгал сургуулилт гээд ажил эхэлдэг байх?

-Юуны өмнө танай сонины уншигчидад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд мэдээж дуучин хүн болохоор хоолойндоо их анхаардаг. Маш өндөр түвшний дэглэм, амралт гаргах шаардлагатай байдаг учраас ажил амьдралаа нарийн зохицуулдаг.
Ямар ч байсан хүн болгоны адил өглөөг угтдаг. Эрт босоод унд цайгаа бэлдэж, хүүхдээ сургуульд нь хүргэнэ, . Манай ажил 10 цагаас ихэнхдээ эхэлдэг. Зарим үед 12 цагт, дуудлагатай тохиолдолд өдөр ажилдаа явна. Нэг өдөр ингэж л өрнөдөг. Ер нь дуурийн дуучид өдөр болгон гамм дасгалаа уншдаг.

-Таны бага насны дурсамжийг сөхье. Аав ээж тань аль нутгийн хүн бэ?

-Манай аав ээж хоёр Хөвсгөл нутгийн хүмүүс. Одоо хотод амьдарч байна. Би бага насандаа Дэлгэр мөрний хөвөөнд тоглож, Мөрөнгийн төвд өссөн. Зуны амралтаараа Бүрэнтогтох сум руу хөгшин ээжийндээ очиж амардаг байлаа. Би айлын ганц охин. Сүүлд өргөмөл охин дүүтэй болсон.

-Багаасаа дуу хөгжимд дуртай хүүхэд байв уу? Яагаад заавал дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?

-Ер нь багаасаа урлагт их дуртай, дуулахаасаа илүү бүжиглэдэг байсан. Сонирхолтой нь бүр багадаа их солгой хоолойтой байсан гэвэл хүмүүс итгэхгүй байх. Зурагт радиогийн урд зогсчихоод солгой хоолойгоор дуулдаг байсан гэдэг. Том болоод хоолойны өнгө засарсан шиг байгаа юм. 5-р ангиасаа эхэлж урлагийн үзлэгт орж дуулдаг болсон. Тэр үеэс хойш л дуучин болсон доо. Яагаад дуурийн дуучин болов оо гэхээр поп урлагийг хүн өөрийнхөө авьяасаар, тухайн хүнд байгаа хоолойгоороо дуулдаг. Дуурийн урлаг бол шал ондоо. Өөрийнх нь байгалиас заяасан хоолойн дээр европын сонгодог школыг суулгаж өгдөг. Өөрийнхөө хоолойгоор биш сурч боловсорсноороо дуугарч байгаа сонин урлаг юм л даа. Гэхдээ би анх СУИС-д орохдоо дуурийн ангид оръё гэж бодоогүй. Шалгалт өгөхдөө Долгор эгчийн дууг дуулахад багш нар сонсоод л энэ хүүхдийг дуурийн дуулаачийн ангид авъя гэж шийдсэн. Тэрнээс биш би нарийн ширийн зүйлийг нь мэддэггүй, зүгээр л ардын дуу, богинын дуу дуулдаг хүүхэд байсан.

-Урлагийн эмэгтэй байна гэдэг ард түмний өмч болчихдог. Тэр үүднээсээ гадаад үзэмж алхаа гишгээгээ хүртэл сайхан байлгах хэрэгтэй биз?

-Урлагийн хүн өөрийнхөө ухамсарт хамгийн эхлээд юуг тусгаж авдаг вэ гэвэл зөвхөн дуулахаас гадна, дуулж байгаа шигээ хүнд сайхан харагдах ёстой. Тайзан дээр гоё даашинз өмсөөд, үс зүсээ гоё янзлаад аль болох сайхан харагдах ёстой. Тэгж байж хүмүүс алга ташиж хүлээж авдаг. Тэр чинээгээрээ энгийн амьдралдаа ч бас яг тийм гоё байх ёстой. Тийм үүрэг хариуцлага, шаардлагыг урлаг өөрөө тавьдаг. Хүссэн хүсээгүй урлагийн хүн тайзан дээр байдаг шигээ биеэ авч явж, сайхан харагдах болдог. Эсрэгээрээ амьдрал дээр навсайсан юм явж байвал хүмүүст тийм таатай биш сэтгэгдэл төрнө. Ерөөсөө урлаг гэдэг хүнд төгс төгөлдөр мэдрэмжийг өгдөг. Гэхдээ би л дуурийн дуучин тийм юм идэх ёстой, ийм хувцас өмсөх ёстой гэж тусгайлсан юм байхгүй шүү дээ. Ялангуяа Монголын нөхцөлд жишээ нь чи ч би ч адилхан зарим үед такси бариад л явдаг. Нэг л орчинд амьдарч байна.

-Сонгодог урлагийн үнэлэмж Монголд мэдээж доогуур түвшинд байгаа. Тэр үүднээсээ гадагшаа гаръя гэсэн бодол байдаг уу? Таньд гаднаас санал ирдэг үү?

-Мэдээж сонгодог урлаг бол Европын урлаг. Манай монголчууд уртын дуу, биелгээ гээд үндэсний урлагаа дээдэлж бараг хүн болгон хийж чаддаг шиг европчууд сонгодог урлагаа тэр хэмжээнд хүлээж авдаг, мэддэг, ойлгодог. Тэрнийгээ сонсохоор л нүдэнд нь нөгөө гоё сүм бурхан нь харагддаг. Бид нар уртын дуугаа сонсоод тал нутгаа санадаг шиг л гэсэн үг. Сонгодог урлаг маань Монгол улсад хөгжөөд 60, 70-аад жил болчихсон байна. Энэ урлагийг л бид нар Монголдоо илүү их хөгжүүлэхийг зорьж байна. Монголчууд нэгэнт суурин соёл иргэншилтэй болж байна. Тийм учраас энэ урлагийг тодорхой хэмжээнд ойлгож хүлээж авдаг болжээ. Тодорхой хэмжээний үзэгч, шүтэн бишрэгчидтэй болсон байна. Бидний өмнөх үеийнхэн энэ дуурийн урлагт маш их юм хийсэн. Түүнийг нь үргэлжлүүлж хийх нь бидний үүрэг юм.

-Поп опера чиглэлээр дуулж эхэлсэн нь хүмүүсийг илүү сонгодог урлаг руу татаж байгаа юм шиг санагддаг?

-Яг үнэн. Сонгодог урлаг яг үндэс нь мөртлөө үүнээс поп рок урлаг үүссэн. Сүүлийн үед европчууд дуурийн урлагийг поп хөгжимтэй хольж үзэж байгаа. Энэ нь ч манай Монголд ороод ирчихсэн. Тэр нь ч хүмүүсийн сонирхлыг илүү их татаж байна. Поп опера чиглэл Монголд эрчимтэй орж ирж байгаа.

-Таны хувьд бие даасан хоёр тоглолт хийж өөрийн гэсэн орон зайг эзэлсэн. Ер нь дуурь үзэж буй үзэгчид хэр өөрчлөгдсөн бэ? Анзаарагдана биз
?

-Сүүлийн үед үзэгчид маш их өөрчлөгдсөн. Гадаад үзэмжиндээ анхаараад сайхан хувцасладаг болсон байна. Дуурийн театрт орж ирэхдээ гаднах үзэмжиндээ анхаарч байна гэдэг тэр хүн орж ирээд яг хувцасласан шигээ тэр дуурийг сонсож, хүндэлж хүлээж авдаг. Манай залуучууд их гоё болчихсон байна лээ. Гадагшаа явж их сурдаг, гадны соёлоос суралцдаг болсон болохоор сонгодог урлагийг сонирхдог болжээ. Зуны амралтаараа ирэх хугацаандаа “буцахаасаа өмнө дуурийн театрт тоглолт үзчих юмсан. Амарчихсан уу, танайх? Өө ямар харамсалтай юм бэ. Би тэнд байхдаа тийм тоглолт үзэж байсан” гээд л ярьдаг. Дандаа залуучууд үздэг болсон. Европт сонгодог урлагийг дандаа ахимаг насны хүмүүс үздэг. Яагаад гэвэл залуу насаа сурч боловсрох, ажиллахдаа зориулсан байдаг. Ер нь сонгодог урлагийг ойлгоход тодорхой хэмжээний хугацаа, боловсрол хэрэгтэй л дээ. Монгол хүмүүс нүүдэлчин соёл иргэншилтэй мөртлөө маш авьяаслаг, хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тийм учраас суралцахынхаа хажуугаар сонгодог урлагийг сонсож ойлгоно гэдэг мундаг мэдрэмжтэй, оюуны чадамжтай байна гэсэн үг.

-Тоглолтын үеэр фенүүдээс тань танд сюрприз барьж байсан тохиолдол байгаа байх. Бүр гойдоос нь хуваалцаж болох уу?

-Бие даасан тоглолтын үеэр тийм зүйл болдоггүй. Дуурийн театрын тайз гэдэг их хүндтэй учраас үзэгчид тийшээ хамаагүй гарч чаддаггүй. Харин хөдөө тоглолтоор явж байхад нэг сонин үйл явдал болж байсан. Нэг мотоциклтэй залуу хүрч ирээд “Манайх бригадын төв дээр байдаг. Таныг ирнэ гээд хонь гаргаад хорхог хийчихсэн байгаа. Явахад чинь өгөх цагаан идээ, 10 литр тараг бүрээд бэлдсэн юм. Одоо манайд оч. Завгүй гэвэл би бүгдийг нь ачаад аваад ирье” гэж билээ. Манай хөдөөнийхөн тийм л цагаан цайлган халуун сэтгэлтэй хүмүүс. Хүнээс юм харамлана гэж мэдэхгүй, хотынхон шиг биш шүү дээ. Надад үнэхээр сайхан санагдаж байсан. Харамсалтай нь би тоглолттой байсан учраас тэр залуу бэлдсэн юмаа авчирч өгсөн. Хамтлагийнханаараа сайхан дайлуулсан. Ер нь хөдөө явж байхад л сюрприз гэгчийг мэдэрнэ дээ. Хотод том тайзан дээр хэр баргийн хүн гарахгүй. Цэцэг өгөөд сэтгэгдлээ илэрхийлнэ үү гэхээс гэнэтийн сюрприз барих тохиолдол гардаггүй.

-Та сая Герман яваад ирлээ. Европын сүрдэм театруудад дуулаад зогсч байхад олон зүйл бодогдоно биз?

-Тэгэлгүй яахав. Манай монголчууд нүүдэллэж явсаар байгаад түүх дурсгалын цогцолбор ховорхон. Сайхан байгальтай л болохоос. За яахав хэдэн туурь байна уу гэхээс европ шиг хэдэн зуун жилийн түүхтэй ордон байдаггүй болохоор тэр болгоныг хараад сэтгэл хөдөлж байлаа. Ямар ч байсан европын соёлоос суралцаад дуулдагийн хувьд европын орноор явахад маш сайхан сэтгэгдэл төрдөг. Ер нь Улаанбаатар хотоо маш сайхан агаартай болгомоор санагдсан. Германд очоод цэвэр aгaapaаp амьсгалаад, нөгөө айхтар харшил ч хөдлөхгүй сайхан байлаа. Тэр том хот мөртлөө цэвэр агаартай байна. Барилга байшин нь дандаа мөлхөө ургамал цэцгээр бүрхэгдчихсэн. Ногоон зүлгэн дээр нь хүмүүс нь гутлаа бариад хөл нүцгэн нохойгоо хөтлөөд явж байх юм. Улаанбаатараа яаж тийм болгох вэ гэх бодол төрлөө. Герман өчнөөн сая хүн амтай мөртлөө ямар ч замын түгжрэл алга. Жаахан атаархал төрж байлаа. Идэж уух юм нь өргөн сонголттой, баталгаатай хоол хүнс хэрэглэж байна.

-Үлдчих юмсан гэж арай бодоогүй биз дээ?

-Монгол хүн чинь Монгол руугаа явах гэх юм байна ш дээ. Тэр сайхан газар ажиллаж амьдаръя гэж бодсон ч гэсэн чадахгүй юм билээ. Би Италид 6 cap cypax гэж Монгол руугаа их тэмүүлсэн. Хөдөөгөө их санадаг. Тэрнээс биш Улаанбаатар хотын юуг нь санах вэ дээ. Гэхдээ сонгодог урлагаар уран бүтээл туурвиж байгаа хүн зөвхөн Монголдоо дуулах биш дуурийн эх оронд нь очоод өөрсдийнх нь хийсэн бүтээснийг үзэхээр шал ондоо байдаг. Сая бид Германы Райланд мужийн Колен хотод очсон. Өчнөөн зуун жил сонгодог хөгжмийн урлаг хөгжсөн том хот л доо. Тэр хотод бид нар Брау вайлер гэдэг 800 жилийн түүхтэй сүмийн задгай талбайд тоглрлоо. Зөвхөн манай дуурийн театрын монгол дуучдаас бүрдсэн сонгодог концертийг Германчуудад тоглоод ирсэн. 800 хүний суудалтай, суудал нь хүрэлцэхгүй дахиад 100-аад хүний суудал нэмсэн. Маш сайхан хүлээж авсан. Их сайхан яваад ирлээ.

-Дуурийн эх оронд өнгөрүүлсэн хагас жил таньд юу өгсөн бол?

-Би Италийн Перужа хотын хөгжмийн консерватурт 6 сар сурсан. Тэнд байдаг Монгол дуучидтайгаа холбоотой байдаг. Уранцэцэг эгч, Эрдэнэтуяа эгч гээд л. Эрдэнэтуяа эгч маань сая төгсөөд Италид дуулж байгаа. Ер нь нэлээд хэдэн хүмүүстэй холбоотой байдаг. Манайхан тэнд цөөхүүлээ ч гэсэн маш чадварлаг суралцдаг. Перужад гэхэд л хөгжмийн сургуульд Одгэрэл гээд маш мундаг охин сурдаг. Монголчууд хэлийг нь амархан сурчихдаг, чадвартай болохоор багш нар нь ч их дуртай, ам сайтай байдаг. Итали даяараа дуурийн чиглэлээр сурдаг 10-аад хүн байгаа. Их цөөхөн шүү дээ, Хятадууд бол нэг хотод бараг гурав дөрвөн мянгаараа суурьшсан байдаг.

-Гэрийн эзэгтэй байна гэдэг сайн уран бүтээлч байхаас илүү чухал. Таны хувьд хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Би их завгүй байдаг болохоор хэцүү л дээ. Өөрийнхөө хэмжээнд л гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэнэ. Нэг их сайн биш, их муу ч биш дунд зэргийн гэж болно (инээв. сурв).

-Урлагийн хүнийг гэр бүл, хань ижил нь ойлгож ард нь бат зогсох ёстой гэдэг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Аав ээж, ах дүүгээс авахуулаад эр нөхөр ойлгож байх ёстой. Хүүхэд нь хүртэл ойлгодог байх ёстой. Миний хүү ээжийгээ их ойлгодог. Манай гэр бүлийнхэн бүгд л намайг ойлгож арын албыг гүйцэтгэдэг. Би тийм тоглолт, ийм ч дуурь гээд алга болчихно. Хүү маань одоо 2-р анги. Эрхлээд дагаж барьдаггүй. Ээжийнхээ ажлыг ойлгоод дасан зохицоод л явдаг.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Гэр бүлийн хүн маань энэ намраас Завханд ажиллаж байна. Тэнд бүтэн жил ажиллах юм. Хоёр талд байгаа болохоор утсаар холбоо бариад л байж байна. Тэндээ ажил ихтэй болохоор наашаа ирэх завгүй байгаа. Одоохондоо хүүтэйгээ хоёр гэртээ байна даа. Хүний амьдралд янз бүрийн л юм тохиолдоно. Эр эм хоёр ам зөрөхгүй байна гэж байхгүй. Эвлэрч л байдаг муудалцаж л байдаг шүү дээ. Амьдрал дээр хүн болгонд тохиолддог зүйл миний амьдралд ч тохиолдсон. Гэхдээ гэр бүлээсээ салж өөрөөсөө дүү хүн сонирхож явсан юм байхгүй.

-Юуг алдаж, юуг олж авснаар амжилтаа дүгнэ гэж үг бий. Таны хувьд өнөөгийн өндөрлөгт хүрэхэд юу золиослогдсон гэж боддог вэ?

-Урлаг маш их золиос шаарддаг гэж манай ахмадууд ярьдаг. Үнэхээр карьер хөөж оргилд хүрье гэвэл нэг зүйл золиослогддог гэдэг л дээ. Тэр үнэн л дээ. Орчин цагт ялангуяа золиослохгүйгээр амжилтанд хүрэх боломжтой ч тэрийг хайж явсаар байтал нас дуусчихна. Тийм болохоор цаг хугацаатай уралдаж, цаанаасаа зурагдсан хувь заяагаараа л амьдарна. Урлаг бол хэцүү, юм болгон шулуун дардан байна гэж байхгүй. Миний хувьд одоо харахад золиослогдсон юм алга л даа. Гэхдээ хэсэг хугацааны дараа эргээд хараад би энэ амжилтанд хүрэхийн тулд ийм зүйлээ золиосолж дээ гэх зүйл гарахыг үгүйсгэхгүй. Урлагт золиослогдохгүй амжилтанд хүрнэ гэсэн хууль байхгүй гэж боддог.

-Сонгодог урлагаар та өнөөдөр амьдралаа ямар түвшинд авч явна вэ?

-Ялангуяа урлагт маш их мөнгө хэрэгтэй. Нөгөө л гадаад үзэмж, хувцас гутал гээд тэр болгонд мөнгө зарцуулагдана. Тэгж зарцуулсныхаа хирээр буцаагаад олж авч чаддаггүй. Сүүлийн үед гайгүй болж байна л даа. Хүмүүсийн нийгмийн амьдрал дээшлэнгүүт үзвэр үздэг, баярлаж чаддаг болсон. Тэр чинээгээрээ урлагийнхан орлого олж байна. Гэхдээ л эдийн засгийн хямралтай, юмны үнэ өсчихсөн болохоор нөгөө олсон мөнгө ахиад л зарцуулалтандаа таарчихна. Хэдэн зуун саяар нь үнэхээр олж чадахгүй. Тийм мөнгө ольё гэвэл гадагшаа гарсан нь дээр. Тэгж байж л мэдээж чинээлэг амьдарна. Манай урлагийнхан яг л дундаж амьдралтай л хүмүүс байдаг. Миний бодлоор Сонгодог урлагийн эрдмийн театрт чадалтай хөгжимчид дуучид гараад ирчихсэн байхад төрөөсөө бодлого явуулаад энэ хүмүүсийг гадаадад сургаж дэлхийд Монголын нэрийг гаргах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй гавьяатын тэмдэг энгэрт нь зүүгээд өгчихдөг. Нөгөөхөөс нь болоод бөөн хэл ам болно. Тэрэнд ч өгөхгүй байсан юм, энэнд ч өгөх байсан юм гээд л. Авч байгаа хүндээ ч дарамт. Хүний өөдөөс мэндэлж чадахгүй хэцүү болчихдог. Тэр гавьяат гэдэг чинь Орос манай хоёрт л байдаг юм гэсэн. Бусад оронд ерөөсөө л “Чи их хөдөлмөрлө, чамайг үнэлье” тэгээд л боллоо. Түүгээрээ л асуудал шийдэгдэж ямар унаа унаж, ямар хауст амьдрах нь шийдэгддэг. Мөнгө нь байхад дурын хэрэг биз дээ. Тэр хирээрээ хүн улам их хариуцлагатай болдог.

-Та хэр үрэлгэн бэ? Мөнгөнд хандах таны хандлага?

-Ер нь үрэлгэн талдаа шүү. Өөртөө хэрэгцээтэй л юм байвал авчихдаг. Өнөөдөр хэрэг болохгүй байсан ч гэсэн авч л орхидог. Хүний хэрэгцээ ч их байх юм. Ялангуяа урлагийн хүний хэрэгцээ их байдаг учраас байгаа мөнгөөрөө таалагдсан юмаа авчихдаг. Би нэг их гоо сайхны газар ороод байдаггүй. Ажил ихтэй байгаад ядарсаны дараа нүүрний өнгө сэргэхгүй үед л гоо сайханд орно. Тэрнээс биш 7 хоногт тэдэн удаа, өдөр болгон орно гэж байхгүй.

-Дуучин хатагтайн хувцасны шүүгээ их өргөн сонголттой байх?

-Брэндийн хувцас гэдэг шал ондоо. Гэхдээ би тэгтлээ брэнд хөөгөөд байдаггүй. Өөртөө зохицуулаад л хувцас сонгодог. Гадаадад явж байхдаа брэндийн хувцас сонирхдог. Монголд брэндийн хувцас өмсөөд явж байхад яг брэндийнх гэж ойлгох нь бас тодорхой хүрээнд эргэлзээтэй. Брэндийн мөн чанарын тухай ойлголт бас нарийн. Манайд том том брэндүүд одоо орж ирж байна.

-Таньтай үнэт эдлэл ярихгүй өнгөрч болохгүй, мэдээж?

-Ер нь нэг гялалзсан гялтагнасан зүйлд их дуртай. Тайзан дээр гялтагнаж гоё харагдах юм л байвал шаазгай шиг цуглуулаад байна шүү. Сүүлийн үед чулуугаар чимэглэсэн ээмэг бөгжинд ихэнх мөнгөө зарцуулах болсон. Их үнэтэй болчихож. Тиймэрхүү гоёл чимэглэлүүдийг Венецид их харсан даа. Ямар гоё юм бэ? гэж дуу алдаж явсаар байгаад бас зүгээргүй нэлээн хэдийг авсан. Чамин ур хийцтэй гоёлууд Венецид их байдаг.

-Ямар машин хөлөглөж байна вэ?

-Toyota Велви унадаг. Хөөрхөн жижигхэн тэрэг байдаг.

-Таныхаар бүсгүй хүний эрхэмсэг оршихуйг ямраар ойлгодог вэ?

-Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуйг Монгол эмэгтэйчүүдээс маш их олж хардаг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх, байр суурь нь дээшилж байна. Ази дотроо Монгол эмэгтэйчүүд байр сууриараа нэлээн дээгүүрт ордог. Эмэгтэйчүүд яагаад эрхэмсэг байна вэ гэхээр жишээ нь АНУ-ын Калифорнийн тийм сургуульд сураад ирсэн, тийм боловсрол зэрэгтэй доктор гэнгүүт тэр хүн гаднаа ямар ч байсан надад эрхэмсэг харагддаг. Хүнтэй харьцаж байгаа нь өөр түвшнийх. Тэгэхээр эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй дотоод ертөнц, боловсролоос нь юун түрүүнд харагддаг. Тэрнээс биш хичнээн сайхан хувцас өмсчихөөд хоёр үг солиход юу ч мэдэхгүй байвал эмгэнэл.

-Та яг одоо юу хүсч, таны сэтгэлд ямар мөрөөдөл асч байна?

-Дуурийн урлагт маш том хувь нэмэр оруулсан Уртнасан гуай, Жавзандулам гуай, Дашпэлжээ гээд мундаг хүмүүсийг би яаж гүйцэх вэ. Тэдний хэмжээнд хүрэхгүй ч гэсэн өөрийнхөө чадах чинээгээр дуурийн урлагийг хөгжүүлэх юмсан, үзэгчдийнх нь тоог улам нэмэх юмсан гэж хичээдэг. Тийм учраас “Grand opera” ТББайгууллагыг нээсэн. Албан ёсоор нээлтээ хийгээгүй байгаа. “Grand оpеrа”-ын дор нэг тоглолт хийгдсэн. Ажил маань явагдаж л байна 11 сард би сонгодог концерт тоглоно. Дараа жил томоохон хоёр ч сонгодог концерт тоглох төлөвлөгөөтэй байгаа. Миний мэргэжлийн багш бол МУГЖ Банди гэж хүн байсан. Тэр хүний нэрэмжит дуурийн дуулаачдын улсын уралдаан 2010 онд зохион байгуулагдана. “Grand ореrа”-ын дор лекц бэлдэж СУИС-ын дуулаачийн ангийн оюутнуудад тодорхой хэмжээний мэдээ мэдээлэл өгье гэсэн бодолтой байна. Дуурийн урлагийн төлөө л чадах бүхнээ зориулахаар хичээж байна даа.

-Танд баярлалаа.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk